Оксфордын англи хэлний толь бичгийг гаргагчид жил бүрийн арваннэгдүгээр сард оны онцлох үгийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жил вакцинжуулалттай холбоотой үйл үг, нэр үг, тэмдэг нэрийн товчилсон хувилбар болох “vax”-ыг сонгожээ. “Өнгөрсөн жил сурвалж бичгүүдийн хэсэгт харьцангуй ховор байсан энэ үгийг 2021 оны есдүгээр сар гэхэд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 72 дахин их хэрэглэв. Энэ нь албан бус хам сэдэвт өдгөө бидний харж болох олон үүсмэл хэлбэрийг бий болгосон” гэж уг толь бичгийн албан ёсны цахим хуудсан дахь мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, “vax sites” (вакцин хийх газар), “fully vaxxed” (вакцины тунд бүрэн хамрагдсан), “unvaxxed” (вакцинд хамрагдаагүй), “anti-vaxxer” (вакцинжуулалтын эсрэг үзэлтэй хүн) зэрэг үг үүссэн аж.
Өнгөрсөн онд Оксфордын толь бичиг онцлох үг сонгож чадаагүй ч оронд нь тухайн үеийнхээ байдлыг бүрэн дүүрэн тусгасан үгсийг нэрлэсэн. Тэдгээрт коронавирусийн цар тахалтай холбоотой “coronavirus”, “Covid-19” (коронавирусээр үүсгэгдсэн өвчний нэр), “lockdown” (эрх баригчид өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон хорио цээрийн арга хэмжээ), “social dis¬tancing” (хүн хоорондын зай), “reopening” (дахин нээх) зэрэг үгс багтсан юм. Харин 2019 оны жагсаалтын эхэнд “climate emer¬gency” (экологийн онц байдал) гэсэн үгийг сонгосон. Энэ холбоо үгийг “эрүүл мэндийн салбар дахь онц байдал” гэсэн үгнээс ч илүү олон удаа хэрэглэжээ.