Хятадтай залгаа хилээс нь холгүй орших Ладакх бүс нутгийн зүүн хэсэгт Энэтхэгийн болон АНУ-ын зэвсэгт хүчин гурав хоног цэргийн томоохон сургуулилалт хийж байгаа тухай “Times of India” сонинд бичжээ. Тус хоёр улсын тэнгисийн цэргийнхэн дайсныхаа газар нутгийн гүн дэх түшиц газрыг эзлэх, нисдэг тэрэгнүүдийн дэмжлэгтэйгээр танк болон механикжсан цэргийн дайралт хийх сургуулилалт хийж байна. Энэ ажиллагаанд өндөр уулын бүсэд, хасах 20 градуст, урьдчилан дасан зохицох бэлтгэл хийсэн олон зуун цэрэг оролцож байгаа аж. “Уг сургуулилалт нь Энэтхэгийн хойд хилийн түгшүүртэй байдлыг даамжруулсан ямар нэг үйлдэл хийхээс зайлсхийхийг Хятадад анхааруулж буй” гэж сонины эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн оны хавар Энэтхэг, Хятадын хооронд цэргийн түгшүүртэй байдал үүссэн бүс нутагт сургуулилалт болж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Шинэ Дели, Бээжингийн хооронд Кашмирын хилийн орчмын бүс нутаг, Аруначал-Прадеш муж дахь хилийн бараг 60 мянган ам километр талбай бүхий газрын харьяаллын тухай маргаан өнгөрсөн зууны дунд үеэс өрнөж буй юм. Тус хоёр улс хоорондын хилийн 3488 км шугам Ладакх бүс нутгаар дайран өнгөрдөг. 1962 оны намар эл маргаан Энэтхэг, Хятадын хооронд хилийн томоохон дайн дэглэхэд хүргэсэн билээ.