Коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан дэлхийн 63 улс, нутаг дэвсгэрийн аялагчийг Тайланд улс энэ сарын 15-наас хөл хориогүй нэвтрүүлэх гэж байна. Гэхдээ эдгээр улсын иргэд зочид буудалд нэг хонож, PCR шинжилгээний хариу гарахыг хүлээх хэрэгтэй аж. Хариу сөрөг гарвал хүссэн газар луугаа чөлөөтэй зорчих боломжтой гэнэ. Тус улсын аялж жуулчлахад нээлттэй мужийн тоо өчигдрөөс 17-д хүрчээ.
Энэ сараас Тайландад зорчихын тулд “Thailand pass” гэх шинэ системд бүртгүүлэх шаардлагатай болсон. Тодруулбал, тус улсад зорчих хүсэлтэй хүмүүс хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, гэрэл зураг бүхий гадаад паспорт, коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсаны гэрчилгээ, 50 мянга хүртэл ам.долларын эрүүл мэндийн даатгал, зочид буудлын захиалга зэрэг бичиг баримтаа уг системд бүртгүүлж, QR код авдаг болжээ. Вакцин хийлгээгүй хүмүүс 10 хоногийн төлбөртэй хөл хорионд байх шаардлагатай аж.