Европын Холбоо болон АНУ ган, хөнгөн цагааныг гаалийн татваргүй болгохоор тохиролцсоныг Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байдентай Ромд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв. Тэрбээр твиттер хуудсандаа “Хоёр тал төмөрлөг боловсруулах үед нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эдгээр металлын үйлдвэрлэлийг дэлхий даяар хязгаарлахад чиглэсэн, тогтвортой ажиллагааны тухай дэлхийн хэмжээний хэлэлцээр байгуулах санаачилга гаргалаа. Бид гангийн асуудлаар дэлхийн түвшний шинэ хэлэлцээр байгуулахаар хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн” гэжээ. 2018 онд, өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Европын Холбоо болон АНУ ган, хөнгөн цагаанд харилцан гаалийн татвар тогтоосон нь Брюссель, Вашингтоны хооронд худалдааны сөргөлдөөн үүсэх эхлэл болсон юм. “Энэ хэлэлцээр хоёр талын харилцааны хурцадмал байдлыг нэн даруй арилгана” гэж Ж.Байден тэмдэглэжээ. Түүний хэлснээр эл санаачилга дэлхийн хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэдэг АНУ-ын хөнгөн цагаан, гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Мөн АНУ, Европын Холбооны зах зээлд Хятад зэрэг улсаас бохир ган орж ирэхийг хязгаарлах гэнэ.