Нүүрстөрөгчийг тодорхой хугацаанд тэглэхээр дэлхийн улсуудын 80 хувь нь амласныг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурлын дарга Алок Шарма мэдэгдэв. “Энэ нь хэдэн жилийн өмнөхөөс үлэмж өндөр үзүүлэлт юм. Дэлхийн температурын өсөлтийг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх нь хэрэгжүүлж болох зорилт болохыг энэ удаагийн уулзалтаар харуулах учиртай” гэж тэрбээр хэлээд хүлэмжийн хийн 80 орчим хувь ногддог “Их-20”-ийн орнуудын байр суурь онцгой чухал болохыг тэмдэглэжээ.
Дэлхий даяар нүүрсний эрчим хүчийг санхүүжүүлэхээ зогсоохоор “Их-7”-гийн орнууд шийдсэн нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жинтэй хувь нэмэр болж буйг 26 дугаар бага хурлын дарга Алок Шарма онцолсон юм. “Үүний дараа БНСУ ийм алхам хийхээр болсон. БНХАУ хилийн чанадад нүүрсний цахилгаан станц барихаас татгалзсанаа тус улсын дарга Си Зиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейд мэдэгдсэн” гэж тэрбээр хэллээ. Хөгжингүй орнуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр хөгжиж буй улсууд ногоон эрчим хүчинд шилжих учиртайг А.Шарма тэмдэглээд, Канад, ХБНГУ дэлхийн дулааралтай тэмцэхэд чиглэсэн олон улсын санхүүжилтийг нэмэх тодорхой механизм боловсруулах талаар хүчин чармайлт гаргаж буйг уламжилсан байна. “2023 онд хөгжингүй орнууд дээрх зорилгод 100 тэрбум ам.доллар зориулж чадна. 2025 он гэхэд 500 гаруй тэрбум ам.доллар цуглуулна” гэж тэрбээр хэлжээ.
Шотландын Глазго хотод болж буй Уур амьс өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хуралд дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, 200 орчим орны төлөөлөгч оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан болон “Их-20”-ийн бусад удирдагч Италийн Ромоос Шотландын хамгийн том хотод очжээ. Бага хурлын зохион байгуулагчаар Италийн Ерөнхий сайд Марио Драги, Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон нар ажиллаж буй. Итали улс уг уулзалтыг зохион байгуулагч Британийн түнш орон учир ийн хамтарч байгаа аж. Хоёр өдөр үргэлжлэх бүгд хурлын үеэр удирдагчид үг хэлж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хэд хэдэн удирдагч уулзалтад цахимаар оролцож үг хэлэв.
Жил бүр болдог ч энэ оны бага хурал онцгой ач холбогдолтой. Нэгдүгээрт, цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон бөгөөд хоёр уулзалтын зорилго, хамрах хүрээг нэг дор багтаахад хэцүүг зохион байгуулагчид нь хүлээн зөвшөөрчээ. Хоёрдугаарт, 2015 онд болсон 21 дүгээр бага хурлын үеэр Парисын гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн таван жилийн мөчлөгийн үр дүнг жилийн хоцрогдолтойгоор дүгнэх хэрэгтэй болсон. Дэлхийн дулааралтай хийж буй тэмцлийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх, уг тэмцлийг эрчимжүүлэх нь энэ удаагийн өндөр дээд түвшинд болж буй Глазгогийн уулзалтын гол зорилго юм. Тодруулбал, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон заавар зөвлөмжийг эцсийн байдлаар боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засгийн газрууд, бизнесийн салбарынхан, иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх аж.