Британийн үнэт эдлэлийн “Graff diamonds” ордонд Оросын “Конти” бүлгийн хакерууд халдсан тухай “Mail on sunday” сонин мэдээллээ. Тус ордноор үйлчлүүлэгчид, тэдний дотор АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммад бин Салман Аль Сауд нарын тухай 69 мянга орчим баримт бичиг алдагдсан байна.
Дээрх сонинд бичсэнээс үзвэл хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Фрэнк Лэмпард, жүжигчин Том Хэнкс, Алек Болдуин, Сэмюэль Л.Жексон, телевизийн хөтлөгч Опра Уинфри нарын 600 үйлчлүүлэгчийн худалдан авалтын мэдээлэл хакеруудын гарт оржээ. Нууц амрагтаа, эсвэл авлига хэлбэрээр авсан бэлгийн мэдээлэл байж болзошгүй тул эл хэрэг үйлчлүүлэгчдийн дургүйцлийг төрүүлж магадгүй гэж хэвлэлд тэмдэглэсэн аж. Тус ордны чинээлэг 11 мянган үйлчлүүлэгчийн тухай мэдээллийг авснаа халдлага үйлдэгчид уламжлав.