Бээжингийн өвлийн олимп болоход 100 хүрэхгүй хоног үлдээд буй энэ үед Хятадын эрх баригчид халдвар илэрсэн тохиолдол бүрийн дагуу хатуу арга хэмжээ авч байгаа тухай ВВС мэдээллээ. Тус улс “Ковид-19”-ийг “тэглэх” бодлого баримталдаг, өөрөөр хэлбэл, эрх баригчид вирусийг бүрэн устгахыг хичээж байна.
Өнгөрсөн бямба гарагт тус улсад халдварын 78 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн есдүгээр сарын 16-наас хойших зургаан долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Хойд нутгийнх нь хэд хэдэн газарт хөл хорио тогтоож, олон сая хүнийг шинжилгээнд хамруулжээ.
Халдвар хурдацтай тархсан хэвээр байгааг Эрүүл мэндийн асуудал хариуцсан хорооны төлөөлөгч Ми Фэн хүлээн зөвшөөрөв. Бээжингийн төв Сичэнь дүүрэг нэг сая гаруй оршин суугчтай бөгөөд энэ сарын 14 хүртэл бүх кинотеатрынхаа үйл ажиллагааг зогсоосон байна. Нийслэлийн оршин суугчдад нэн шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй, хурим зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг хойшлуулахыг зөвлөжээ. Халдвар илэрсэн мужуудад хатуу хязгаарлалт тогтоож, иргэдэд зөвхөн нэн түрүүнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн авахаар гарахыг зөвшөөрч буй гэнэ. Одоогийн байдлаар хөдөлгөөний хязгаарлалтад зургаан сая хүн хамрагдаад байна.