Ерөнхий сайдаа сонгох, улсын төсвийн төслийг батлах талаар дээд танхимаасаа илүү эрхтэй Японы парламентын доод танхимын гишүүдийг сонгох сонгууль тус улсад амжилттай боллоо. Нийт 465 гишүүний 289-ийг нэг мандаттай тойргоос, 176-г 11 бүс нутагт намын жагсаалтаар сонгов. Улс төрийн есөн намын 1051 гишүүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.
Доод танхимыг тараахаас өмнө 276 суудал нь Ерөнхий сайд Фүмио Кишида тэргүүтэй эрх баригч Либерал ардчилсан, 29 нь эрх баригч эвслийн жижиг түнш Комейто намынх байв. Тэд хамтдаа үнэмлэхүй олонх (305) болсон ч Үндсэн хуулийн олонх (310) байгаагүй. Харин сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн ардчилсан нам 112 суудалтай байв. Коммунист нам 12, Сэргэн мандлын нам 11, Ардын ардчилсан нам 10, үлдсэнийг бусад жижиг нам эзэлсэн байлаа.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл эрх баригч нам суудлынхаа талыг алдаж болзошгүй. Гэхдээ зарим судалгаанаас харвал эрх баригч нам доод танхимын талаас илүү хувийг (465 суудлын 233-ыг) авч үлдэнэ хэмээн таамаглаж байв.