Томоохон бизнес эрхлэгчдийн ашгаас 15-аас доошгүй хувийн татвар авах олон улсын гэрээг дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 орны удирдагчид санал нэгтэй баталлаа. Тийнхүү үндэстэн дамнасан компаниудыг оффшор бүсэд ашиг орлогоо нууж, татвараас зайлсхийхийн оронд илүү ихийг төлөхийг “Их-20”-ийн орнууд хүсэж байна.
АНУ-ын санаачилсан татварын энэ шинэчлэл 2023 он гэхэд хэрэгжих бололтой. Үүнийг дэлхийн эдийн засгийн хувьд түүхэн гэрээ болно гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлжээ. Уг баримт бичгийг баталснаар Америкийн том компаниуд татвар төлөх ч жижиг компаниуд, жирийн ажилчид хожно гэж тэрбээр үзэж байна. Италийн нийслэл Ром хотод болсон дээд хэмжээний тус уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар цахим хэлбэрээр оролцжээ. “Их-20”-ийн орнуудад дэлхийн ДНБ-ий 80 орчим хувь ногддог.
Дээрх арга хэмжээ Шотландын Глазго хотод эхэлж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний “COP26” уулзалтын өмнө болсноороо онцлог юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаас гарах баримт бичгийн төсөлд дэлхийн дундаж температурыг 1.5 градусаас хэтрүүлэхгүйн төлөө ажиллах талаарх “Их-20”-ийн орнуудын өгсөн амлалтыг тусгасныг “Reuters” агентлаг уламжилжээ. Ингэснээр улс орнууд бүгд үр дүнтэй, дорвитой арга хэмжээ авах шаардлага гарч буй аж. Хөгжингүй орнууд 2025 он хүртэл хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларыг төрийн болон хувийн эх үүсвэрээс хуваарилах шаардлагатай гэж төсөлд нь тэмдэглэжээ. Хөгжингүй орнууд 2009 онд Копенхагены уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр ийм үүрэг авсан ч биелүүлээгүй байна.
Нүүрстөрөгчийн хийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол манай гаргийн ирээдүй улам бүр бүрхэг болохыг экологичид анхааруулсаар буй. Олон улсын удирдагчид дэлхийн эрх ашгийг үндэстнийхээс дээгүүр тавьж чадна хэмээн экологичид найдаж байгаа ч ийм шийдвэр гаргахыг сонгогчид нь хүлээн зөвшөөрөхгүй байж мэдэхийг ВВС тэмдэглэжээ.
Эрдэмтдийн болгоомжлолыг улстөрчид дэмжиж байна. Тухайлбал, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн том аюул гэжээ. Гэхдээ “Их-20”-ийн уулзалт ч, “COP26” ч дэлхийн дулаарлыг зогсоохгүй, зөв арга хэмжээ авснаар хүн төрөлхтөн бөмбөрцгийн температурын өсөлтийг удаашруулж л чадна гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Олон улсын төр, засгийн 130 гаруй тэргүүн, тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Францын Төрийн тэргүүн Эмманюэль Макрон нар Глазгод эхэлсэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хуралд оролцож буй.