ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнгийн хурал боллоо. Тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр тэргүүтэй албан тушаалтнууд цахимаар оролцлоо. Хурлын үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Александр Перязев “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнг танилцуулж, тус наадмын хүрээнд зохион байгуулагддаг зарим төрлийн тэмцээнүүдийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан улс орнууд болон тэмцээнд оролцсон нийт цэргийн алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.
“АрМи-2021” олон улсын цэргийн наадмын хүрээнд зохион байгуулагдсан нийт 34 тэмцээнд 42 орны 277 баг, тамирчид оролцсон ба 11 улс өөрийн нутаг дэвсгэрт зарим төрлийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Хошууч генерал Александр Перязев олон улсын цэргийн наадамд оролцож буй цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл, мэргэжлийн ур чадвар жилээс жилд нэмэгдэж, өрсөлдөөн улам ширүүсч байгааг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ “АрМи” олон улсын цэргийн наадмын хүрээнд зохион байгуулагддаг төрөл тэмцээнүүдийн дээд амжилтыг 2021 онд БНХАУ, Беларусь, ОХУ, Узбекистан, Энэтхэг зэрэг улс 33 төрлөөр эвдэж, шинэчлэн тогтоосныг тодотголоо.
Мөн энэхүү хурлын үеэр олон улсын цэргийн наадмыг 2022 онд зохион байгуулах төлөвлөлтийн асуудлыг хөндөж, ярилцав. Тодруулбал, ирэх жилийн олон улсын цэргийн наадмыг 2022 оны наймдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба 30 гаруй тэмцээнийг 15 улсын нутаг дэвсгэрт явуулах төлөвтэй байгаа аж.