"Facebook" компани нэрээ Мета болгон өөрчилсөн тухай тус компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг пүрэв гарагт мэдэгдэв.
"Бид одоо Мета гэж нэртэй болсон" гэж тэрбээр хэлэхдээ хэдий брэндийн нэр өөрчлөгдөж байгаа ч "хүмүүсийг нэгтгэх" гэсэн бидний эрхэм зорилго хэвээрээ байгааг онцолжээ.
Компанийн лого нь цэнхэр өнгөг дээр хязгааргүй тэмдэг байх гэнэ. Зукербергийн хэлснээр, Instagram , WhatsApp мессенжерээс гадна бүх програм, брэндүүд, нийтийн сүлжээ хэвээр байх ч "цаг хугацаа өнгөрөхөд” хэрэглэгдэгчид бусад бүтээгдэхүүнүүдийг ашиглахад “Facebook" хэрэггүй болох аж.
Мета гэдэг нь "дараа" гэсэн грек үгнээс гаралтай бөгөөд тус компанид үргэлж өсөх орон зай байгааг бэлгэдэж өгсөн тухай Facebook-ийг үүсгэн байгуулагч тайлбарлав. Өмнө нь тэрээр танилцуулгын хүрээнд виртуал болон бодит байдлын элементүүдийг багтаасан “metaverse” хэмээх ойлголтын талаар ярьсан . Тэрээр амьд болон виртуал орон зайд тоглож буй концертод хэрэглэгч хэрхэн оролцох боломжтойг жишээ болгон харуулжээ.
Ингэхдээ Зукербергийн цаг гаруй үргэлжилсэн яриа нь үзэсгэлэнт байгальд орших байшингийн дэргэдээс авахуулаад сансрын станцад байгаа виртуал интерьерийн өмнө болжээ.
“Metaverse” гэдэг нь интернетийн ирээдүй, "амьдрах боломжтой" бүрэн дүүрэн виртуал ертөнц болно гэж зарим шинжээчид үздэг. Метаверсийн хэрэглэгчид тоглож, ажиллаж, хоорондоо харилцаж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, кино үзэж болох гэнэ. Эдгээр үйлдлийг яг бодит орчинд мэтээр гүйцэтгэхэд хэрэглэгчид 3D аватар байх бөгөөд энэ нь метаверсийн хүрээнд бусад аватаруудтай харилцах аж.
Facebook-ийн вэбсайтад компанийг Мета гэж нэрлэх болсон тухай мэдэгдлийг нийтэлсэн бөгөөд бүх үйлчилгээний логог өөрчилсөн байна. Нэрийг нь өөрчилсөнтэй холбогдуулан Нью-Йоркийн цахим хөрөнгийн бирж дээрх Facebook-ийн хувьцаа хэдхэн минутын дотор 3.3 хувиар өсжээ.