БНХАУ-д гурваас дээш насны хүүхдүүдийг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамруулах гэж байна. Сүүлийн өдрүүдэд таван мужид нь 3-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахаа мэдэгдсэнийг “Associated press” агентлаг уламжлав. Тийнхүү тус улс бага насны хүүхдүүдийг вакцинжуулж буй цөөн орны нэг болох юм. Халдварын тархалттай тэмцэх хатуу бодлого хэрэгжүүлж буй тус улсын хүн амын 76 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Ганьсу мужид ням гарагт халдварын дөрвөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид нь аяллын бүх газраа даваа гарагт хаав. Үүний сацуу оршин суугчдадаа гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгосон Өвөр Монголд халдварын 19 тохиолдол илэрчээ.
Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимпын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа энэ үед дельта хэлбэр хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэхээс Хятадын олон нийт санаа зовниж байна. Тус наадмыг гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр хэдийн гарсан билээ.