Японы Китакюшю хотод спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн энэ сарын 18- 24-нд болж өндөрлөлөө. 59 орны 312 тамирчин оролцсон тэмцээний хувийн олон төрөлтөд эмэгтэйчүүдээс ОХУ-ын Ангелина Мельникова, эрэгтэйчүүдээс БНХАУ-ын Жан Бохэн нар түрүүлж, алтан медаль хүртэв. Мельникова мөн чөлөөт дасгалд мөнгө, харайлтад хүрэл медаль зүүж чадлаа. Чөлөөт дасгалд алтан медалийг Токиогийн олимпын хүрэл медальт, Японы Маи Мураками Мельниковагийн өмнө орж, 2017 оны дэлхийн аваргаас хүртсэн алтаа ихэрлүүлэв. Гэхдээ шүүгчдийн үнэлгээнд үнэмлэхүй аварга Ангелина нэлээд бухимдсан юм. Шүүгчид түүний 0.3 баллыг дарсан гэж тэрбээр үзсэн. 25 настай Мураками Ангелинагийн дараа дасгалаа гүйцэтгэж, Мельниковагаас бага үнэлгээ авсан ч Японы баг гомдол гаргаснаар оноо нэмсэн нь дуулиан шуугианы эхлэл болсон юм. Мураками эх орондоо болж буй ДАШТ-д түрүүлээд, зодог тайлахыг хүсэж байсан нь ийн биеллээ олов. Ташрамд дурдахад, Олон улсын гимнастикийн холбооны ерөнхийлөгч нь Моринари Ватанабэ хэмээх япон эрхэм бий.
Токиогийн олимпын олон төрөлтийн мөнгө, харайлтын аварга, Бразилын гимнастикийн түүхэн дэх анхны олимпын медальтан Ребека Андраде энэ удаа харайлтад дэлхийн аварга болж, өндөр, нам савлуурт мөнгөн медаль өвөртөлсөн. Олон төрөлтөд мөнгөн медаль зүүсэн АНУ-ын Линн Вонг чөлөөт дасгалд хүрэл медаль мөн авав. Энэ удаагийн ДАШТ-д эмэгтэйчүүдээс Мельникова гурав, Андраде, Вонг нар тус бүр хоёр медаль хүртсэн бол өндөр, нам савлуурт Вэй Сяоюань, дамнуургад Японы Урара Асикава дэлхийн аварга боллоо.
Эрэгтэйчүүдээс БНХАУ-ын гимнастикчид давамгайллаа. Тэд долоон дасгалын зургаад нь медаль, үүнээс дөрвөн алттай нутаг буцав. Шинээр гарч ирсэн Жан Бохэн олон төрөлтөд түрүүлж, үнэмлэхүй аварга болж, цагаригт Лань Шиюй, суга савлуур болон савлуурт Ху Сюйвэй нар шагналын тавцанд алтан медаль зүүсэн юм. Лань Шиюй, Ху Сюйвэй нар 2019 онд Улаанбаатарт болсон Азийн тэмцээнд аваргаар тодорч, алтан медаль авч байв. Модон морины дасгалд Вэн Хао мөнгө, суга савлуурт Ши Цун хүрэл медаль хүртэн БНХАУ-ын багийн медалийн тоог ахиулсан. Өмнөд хөршийнхний медаль хүртээгүй чөлөөт үзүүлбэрийн дасгалд Италийн Никола Бартолини тэргүүлж, энэ дасгалд дэлхийн аваргаар шалгарсан анхны итали гимнастикч боллоо.
Харайлтын дасгалд Филиппиний Карлос Юуло алтан медалийн эзнээр тодров. 2019 оны ДАШТ-д чөлөөт дасгалд түрүүлж, Филиппиний төдийгүй Зүүн Өмнөд Азиас төрсөн анхны гимнастикийн дэлхийн аварга болсон тэрбээр Китакюшюд суга савлуурт удааллаа. Японд амьдарч, бэлтгэлээ хийдэг филиппин залуу ДАШТ-ий дөрвөн медальтай болж буй нь энэ.
Багийн дүнгээр БНХАУ найм (таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл), Япон найм (хоёр алт, таван мөнгө, нэг хүрэл), Итали дөрвөн (нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл) медаль хүртсэн амжилтаар эхний гурван байрт бичигдэж, АНУ тав, ОХУ дөрөв медальтай “айрагдлаа”. Өнөө үед нэг тамирчин нэгээс дээш медаль хүртэх нь ховор болсон нь өрсөлдөөн их, ур чадвар нэг түвшинд хөгжсөнтэй холбоотой. Мөн нэг дасгалд дагнан бэлтгэж байж л өндөр амжилтад хүрч байгаа. Үнэмлэхүй аварга болсон Хятадын Жан Бохэн өөр нэг ч дасгалд аварга болох нь байтугай медалиас ч атгаж чадсангүй. Мельникова мөнгө, хүрэл авч байх юм. А.Дитятин, В.Щербо, Кохэй Учимура, Д.Билозерчев, Л.Латынина, С.Байлз, С.Хоркина зэрэг гимнастикийн үе, үеийн домгууд үнэмлэхүй аварга болох төдийгүй бараг бүх дасгалд л алт зүүдэг сэн. Японы дээрх хотод уран сайхны гимнастикийн 38 дахь удаагийн ДАШТ өнөөдөр эхэлж байна.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин