“Аль-Каида” бүлэглэлийн удирдагч Осама бин Ладен АНУ-ын цэргүүдийн гарт амиа алдсанаас хойш түүний халааг хэн авах бол гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Бин Ладений “баруун гар” хэмээгддэг, өдгөө 55 настай Айман аз-Завахири дэлхийн ¹ 1 алан хядах бүлэглэлийг тэргүүлэхээр боллоо.
“Al Arabiya” телевизийн мэдээлснээр “Аль-Каида”-гийнхан аз-Завахириг өөрсдийн удирдагчаар сонгосноо мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийн зарим гишүүн толгойлогчоороо залуу хүнийг сонгох нь зүйтэй гэж үзэж байжээ.
“Аль-Каида”-г санхүүжүүлдэг хүмүүс ч аз-Завахирид таатай ханддаггүй гэнэ. Гэвч сүүлийн 20 жилийн турш бин Ладентай хамт байж, бүлэглэлийн бүхий л үйл хэрэгт оролцдог байсан түүнийг “Аль-Каида”-гийн залуу дайчид, шинэ гишүүдийг удирдаж чадах хүн хэмээн үнэлж байгаа аж.