Олон улсын тэшүүрийн холбоо энэ улиралд зургаан гараа зохион байгуулах бөгөөд төрөл тус бүрийн шилдэг зургаан уран гулгагч Японы Осакад арванхоёрдугаар сарын 9-12-нд болох гран пригийн хагас шигшээд оролцох юм. Энэ улирлын төлөвлөгөөнд багтсан, БНХАУ-д болох “Cup of China” цуцлагдаж, түүнийг Италийн гран при орлох болов.
ГРАН ПРИ ГАРААНЫ ХУВААРЬ
- “Скэйт Канада”. Ванкувер, Канад X.29-31-нд
- Италийн гран при Турин, Итали XI.5-7-нд
- “Эн Эйч Кэй трофи” Токио, Япон XI.12-14
- Францын гран при Гренобль, Франц XI.19-21
- “Ростелком цом” Москва, ОХУ XI.26-28.
- Япон. Осака. Финал XII.9-12.
Энэ жилийн гран при тэмцээний гараа болгон сонирхолтой, өрсөлдөөн өндөр байх нь. Учир нь энэ улирал олимпын өмнөх гэдгээрээ онцлог. Ердөө гурван сар гаруйн дараа “Бээжин-2022” өвлийн олимп эхэлнэ. Тэмцээнд хэрхэн оролцохоос шалтгаалж гулгагчид улсынхаа олимпын багт багтах, эсэх нь шийдэгдэх юм. Тэмцээний журмаар бол нэг тамирчин хоёр гран прид оролцох эрхтэй. Тэгэхээр оролцсон тэмцээн бүртээ медалийн тавцанд зогсож байж хагас шигшээд шалгарна. Цаашлаад олимпын багтаа багтах магадлал өндөр болно.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтад гол өрсөлдөөн дэлхийн гурван удаагийн аварга АНУ-ын Нэйтан Чен, олимпын болон дэлхийн хошой аварга Японы Юзүрү Ханю нарын хооронд өрнөх болов уу гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Чен “Скэйт Америка”, “Скэйт Канада” тэмцээнд, Ханю “Эн Эйч Кэй трофи” болон “Ростелкомын цом”-д оролцоно. Хэрвээ тэд финалд шалгарвал Осакагийн мөсөн дээр бүжиглэхийг нь харах боломжтой.
Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хойд хөршийн охид, тэр дундаа Этери Тутберизигийн шавь нар хоорондоо өрсөлдөх нь тодорхой болжээ.
ОХУ-ын шигшээ багт багтаж гран прид оролцохоор мэдүүлгээ өгсөн найман охины зургаа нь Этеригийн шавь. Тухайлбал, Александра Трусова АНУ, Япон, Анна Щербакова Итали, Франц, Алёна Косторная Канад, Франц, Дарья Усачёва АНУ, Япон, Майя Хромых Итали, ОХУ, Камила Валиева Канад, ОХУ-д болох гран прид, Алексей Мишиний шавь Елизавета Туктамышева Канад, ОХУ, Светлана Пановагийн шавь Ксения Синицына АНУ, Францын гранприд өрсөлдөх юм. Эндээс ердөө гурав нь олимпын наадамд оролцоно.