Туркийн бөмбөгдөгч “Bayraktar TB2” дроныг Донбасс дахь байлдааны ажиллагаанд анх удаа ашигласнаа Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ) фэйсбүүк хуудсанаа мэдээллээ. Тодруулбал, тус муж дахь Гранитное суурингийн ойролцоох газраас гал нээж байсан их буунуудад цохилт өгсөн гэнэ.
Украины армийн дайсагнасан үйлдэл хурцадсан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганск улсын төлөөлөгчид мэдэгдсэн байна. Украины ЗХЖШ-ын мэдээлснээр Гранитное орчим дахь цэргийн байршил руу “Д-30” их буугаар гал нээсний улмаас хоёр алба хаагч шархдаж, нэг хүн амь үрэгдсэн аж. Тиймээс дроноор цохилт өгч, артиллерийн хэрэгслийг устгасан гэнэ. Дрон нь холбоо барих бүс рүү нэвтрээгүй гэж тус штабын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Үүний өмнө “Bayraktar”-аар ОХУ-ын их бууг устгасан тухай “5 канал” телевиз мэдээлсэн юм. Эл дрон нь Карабахын мөргөлдөөний үеэр хамгийн анхаарал татсан. Азербайжаны цэргийнхний нийтэлсэн, Карабах дахь байнуудад өгсөн цохилтын дүрс бичлэгүүдийн олонход уг дроныг ашигласныг харж болохоор байгааг мэргэжилтнүүд тэмдэглэсэн билээ. “TВ2” нь дроны зах зээлийн жинхэнэ “од”. Үүнийг Турк улс өнгөрсөн оны хоёрдугаар сард “Хаврын бамбай” ажиллагааныхаа үеэр Сирид, үүнээс өмнө Ливийн генерал Халиф Хафтарын армийн эсрэг ашиглаж байжээ.
Туркээс дрон худалдан авах тухай хэлэлцээг Украин 2018 онд хийж эхэлсэн бөгөөд дараа жил нь Зэвсэгт хүчин нь уг төхөөрөмжийг туршсан аж. Энэ зэвсэг Украины батлан хамгаалах чадамжийг эрс сайжруулсан гэж цэргийн шинжээчид дүгнэсэн байна. Тус улс анхны дроноо өнгөрсөн долдугаар сард худалдан авч, дараа сард нь болсон тусгаар тогтсоны 30 жилийн ойн баярт зориулсан цэргийн жагсаалын үеэр олон нийтэд үзүүлжээ.