Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр уулзаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар ярилцсан байна.
Мөн Монгол Улс АНЭУ-д анхны Элчин сайдаа томилж, Абу Даби хотод ЭСЯ-аа удахгүй нээхээр болсныг мэдэгдэж, шинээр нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ “ЭКСПО 2020–Дубай” дэлхийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.
Эх сурвалж: ГХЯ