Суданы Хартум мужийн Холбоо харилцаа, Мэдээлэл, Сангийн болон Аж үйлдвэрийн сайд, мөн өндөр албан тушаалтнуудыг баривчиллаа. Цэргийнхэн нийслэл рүүгээ орох бүх зам, гүүрийг бүслэн хаасан тухай “Al Hadath” телевиз мэдээлэв. Тэрчлэн Хартум мужийн захирагч, тус улсын эрх баригч Тусгаар тогтнолын зөвлөлийн нэг төлөөлөгчийг саатуулсан байна.
Ерөнхий сайд Абдалла Хамдукийг гэрийн хорионд оруулжээ. Төрийн эрх мэдлийг булаан авах гэсэн цэргийнхний оролдлогыг эсэргүүцэн жагсахыг сөрөг хүчний “Эрх чөлөө, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчин” хөдөлгөөнийхөн иргэдэд уриалсаар буй. “Al Arabiya” телевизийн мэдээлснээр нийслэл Хартумд үүрэн холбоо болон интернэтийг бүрэн хаажээ.
Тусгаар тогтнолын зөвлөлийн тэргүүн Абдель Фаттах аль-Бурхан мэдэгдэл хийнэ хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнийг Засгийн газрын тэргүүн Абдалла Хамдуктай уулзсаны дараа Хартумд баривчилгаа эхэлсэн аж. Өнгөрсөн ням гарагт Суданы нийслэлийн төв Эн-Нил гудамжийг хаах гэсэн хэдэн зуун жагсагчийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулах хий ашигласан байна. Хартум хотод Зэвсэгт хүчний ерөнхий командлалын төв штабын өмнө суулт хийж, Засгийн газраа огцрохыг шаардсан, армиа дэмжигчид болон иргэний хүчний төлөөлөл хоёр долоо хоног эсэргүүцлийн жагсаал хийсэн аж. Иргэний хүчний төлөөлөл шилжилтийн үеийг дуусгаж, цэргийнхэн эрх мэдлээ бүрэн шилжүүлэхийг шаардсан юм. Нийслэлийн эрх баригчдын хэлснээс үзвэл түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Омар аль-Баширын эрх баригч байсан намын талынхан эмх замбараагүй байдал үүсэхэд оролцжээ.
Өнгөрсөн сард Суданы эрх баригчид төрийн эргэлт хийхээс сэргийлсэн юм. Үүнд Омар аль-Баширын талынхныг буруутгасан билээ. Тус улсыг хамарсан хямрал, төрийн байгууллагууд, тэр дундаа армийн дотоод үл ойлголцлын улмаас төрийн эргэлт хийхийг оролдлоо хэмээн Ерөнхий сайд Абдалла Хамдук мэдэгдэж байжээ.