Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Британийн зээлжих зэрэглэлийг “AA/A-1+” зэрэглэлд хэвээр үлдээжээ. Мөн төлөвийг нь тогтвортой хэмээн үзсэн талаар “Reuters” мэдээлэв. Хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн салбар, төсвийн орлого зэргийг нь харгалзан зэрэглэлийг нь ийн тогтоосон бөгөөд тус агентлагийнхан мэдэгдэлдээ “Британийн эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэж бид таамаглаж байна. Энэ онд эдийн засаг нь 6.9 хувиар өснө гэж төсөөлсөн” хэмээн тэмдэглэжээ. Нөгөөтээгүүр, хүн амынхаа дийлэнх хувийг вакцинд хамруулсан тул цар тахлаас үүдэн эдийн засагт нь учрах сөрөг нөлөө бага байна хэмээн таамагласнаа дурдав. Харин дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад учирч буйгаас шалтгаалж инфляц өсөх зэрэг нь тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэв. “S&P” агентлагийнхны үзэж байгаагаар Британийн эдийн засаг 2022 оны эхээр цар тахал тархахаас өмнөх үеийн түвшиндээ хүрэхийг ч үгүйсгэхгүй нь.
“Fitch” агентлагийн шинжээчдийн төсөөлснөөр Британийн инфляц энэ оны эцэст 4.3, ирэх дөрөвдүгээр сард таван хувьд хүрэх аж. Төвбанкных нь ахлах эдийн засагч ч инфляцын түвшин ирэх жилийн эхээр таван хувьд хүрэх, магадгүй үүнээс ч давах төлөвтэй хэмээн тэмдэглэснийг BBC дамжуулав. Есдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 3.1 хувьд хүрээд байсан юм. Английн Төвбанкны дараагийн хурал ирэх арваннэгдүгээр сарын 4-нд болох үеэр бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргаж магадгүй гэсэн хүлээлт бий. Сонирхуулахад, ирэх хоёр долоо хоногт Англи, Япон, АНУ, Европын Төвбанкны уулзалт болох хуваарьтай билээ.
Бэлтгэсэн Б.Сонор