Мексиктэй залгаа АНУ-ын хил дээр сүүлийн нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.7 сая гаруй хүнийг саатуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Иргэний харьяалал олгоно хэмээн Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден амласан нь цагаач, дүрвэгсдийн цуваа ихсэхэд хүргэсэн хэмээн бүгд найрамдахчууд нь түүнийг буруушааж байна.
Хил дээр саатуулсан хүмүүсийн талаас илүү хувийг эх орон руу нь албадан буцаасныг АНУ-ын Хил, гаалийн албанаас мэдээлжээ. Тус улсад нэвтрэхийг 160 гаруй орны иргэд оролдсон байна. Тэдний олонх буюу 1.1 сая нь Мексик, Гватемал, Гондурас, Сальвадорын дунд насныхан аж. Сүүлийн 12 сард хил нэвтрэхийг харгалзах хүнгүй хамгийн олон буюу 145 мянга гаруй хүүхэд оролдсон тухай АНУ-ын эрх баригчид мэдээллээ. Харьцуулан үзвэл, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн “Human rights watch” байгууллагын тооцоолсноор өнгөрсөн оны эхний арван сард Европын Холбооны өмнөд хилийг 73 мянга орчим цагаач хууль бусаар нэвтрэхийг оролдсон гэнэ. Сүүлийн саруудад Беларусиар дамжин Европ руу нэвтрэхээр хэдэн мянган хүн завджээ.
Афганистанаас цэргээ яаран гаргасан хэмээн буурсан Ерөнхийлөгч Жозеф Байдены нэр хүнд сүүлийн үед цагаачлалын бодлогын улмаас унасаар байна. Тэрбээр цагаач, дүрвэгсдэд илүү хүнлэг хандахаа (ардчилсан намынхан Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тэдэнд хүнлэг бус хандсан хэмээн байнга буруушааж байсан) амладаг ч Төрийн тэргүүн болсноос нь хойш өмнөд хилийнх нь байдал улам хүндрээд буй.
Энэ сарын эхээр явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл АНУ-ын иргэдийн ердөө 35 хувь нь цагаачлалын талаар Ж.Байдены явуулж буй үйл ажиллагааг дэмжиж байна. Өмнөд хил дээр нь саатуулсан цагаач, дүрвэгчийн тоо 20 жилийн өмнө тогтоосон дээд үзүүлэлтийг эвджээ. 2000 онд тус улсын хилийг 1.6 сая орчим хүн хууль бусаар нэвтрэхийг оролдсон гэнэ. Ерөнхийлөгч болсноосоо хойш Ж.Байден хил рүүгээ ганц ч удаа очиж байгаагүй нь түүнийг шүүмжлэгчдийн гал дээр тос нэмэв. Тэрбээр 2008 онд Мексиктэй залгаа АНУ-ын хил дээр очиж байсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга эл сэдвээрх нэг асуултад хариулсан аж.