Олон улсын Цоохор ирвэсийн өдөр үйл ажиллагаа 4 аймагт нэгэн зэрэг, нэгэн зорилгын доор амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тодруулбал,
Ховд аймгийн Чандмань сумын "Хос алтайн Ирээдүйн эзэд" эко клуб энэхүү 9 дэх өдрийг угтан сургуульдаа 5 хоногийн олон талт аяныг зохион байгуулсан. Танилцуулах өдөр, уриалан нэгдэх өдөр, дархлаа дэмжих буюу ирвэс хооллох өдөр, ирвэсийн талаарх мэдлэгээ шалгах өдөр, уриалан үлдээх өдөр гэсэн дарааллын дагуу зохион байгуулсан юм.
Мөн хамгийн чухал ажил нь бяцхан дүү нарынхаа сургалтын орчинд цоохор ирвэсийн буланг байгуулж өгөх байсан бөгөөд энэхүү ажлаараа хүүхдүүд минь шалгарч дараагийн булан хийх эрхээр шагнууллаа.
Хамгийн эцэст нь Хар Ус нуурын хөвөөнөө зохион байгуулагдсан ирвэсийн өдрийн хэлэлцүүлэгт оролцож, өөрсдийн дуу хоолойг хүргэж, бусдаас сонсож, аймгийн төлөвлөгөө, төсөвт орох ажлын талаарх мэдээлэл, бидэнд буй боломжийг ойлгосон үр дүнтэй нэгэн өдрийг үдэв.