Соломоны арлын оршин суугч хоёр залуу өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өглөө жижиг завьтай далайд гараад төөрч, 29 хоногийн дараа аврагджээ. Тэднийг Папуа Шинэ Гвинейн эрэг орчмоос загас агнуурын хөлөг онгоцныхон олсон бөгөөд анх гарсан газраасаа 400 км холдсон байжээ. Тэгвэл далайд төрөөд хэдэн сарын турш “тэнэж”, азаар амьд үлдсэн нэгэн түүхийг товчлон хүргэе. Энэ бол түүхэнд хамгийн урт хугацаанд далайд төөрсөн хүний тухай юм.
1942 онд Бразилын загасчид Амазон мөрөнд салтай хөвж явсан хятад залууг олжээ. Тэрбээр 133 хоногийн турш далайд төөрч, эцэстээ ийнхүү аврагдсан аж. 1942 оны арваннэгдүгээр сард Атлантын далайд явж байсан Британийн худалдааны “Ben Lomond” усан онгоц Германы шумбагчаас харвасан суманд өртөж, сүйрчээ. Хөлөг дээр байсан 55 хүнээс хоёрдугаар даамал, 24 настай Пан Лиан хэмээх хятад эр л амьд гарч чадсан аж. Хөлөг дэлбэрэхээс өмнө амжиж усанд үсэрсэн тэрбээр сүйрсэн хөлөг хавиар эргэлдэж сал, хоол, хүнс, ус, олс зэрэг нэн шаардлагатай хэрэглээний зүйл базаагаад их “аян”-д гарчээ. Салхинд туугдан явсаар 10 гаруй хонож байтал тэнгэр муудлаа. Далай хүчтэй давлагаалж, шуурахад салтайгаа хөмрөх шахсан ч азаар амьд үлдсэн боловч хамаг хоол, усыг нь шуурга “аваад” явчихжээ. Ингээд цангаж үхэхгүйн тулд Пан Лиан борооны ус цуглуулж, далайн замаг, жижиг загасаар хооллож байв. Нэг удаа бие жижиг аварга загас салан дээр нь гарч ирээд дайрч гэнэ. Нөөшилсөн махны лаазаар хутга хийгээд бүсэндээ хавчуулсан байсан нь аминд орж, өнөөх амьтныг зүйл дуусгаж, бэлэн хоолтой болсон талаараа дурсамж номдоо бичсэн хятад эр далайд 100 хоног тэнүүчлэхдээ загас агнуурын хэд хэдэн онгоцтой таарчээ. Харамсалтай нь, нэг нь ч түүнийг авахаар ирээгүй гэнэ. Нэг удаа ачааны хөлөг онгоц түүн рүү дөхөж ирсэн ч хаяад явчихаж. Магадгүй дайны “эсрэг дүр” япон хүн гэж андуурсан байх гэж тэрбээр номдоо өгүүлжээ. Залуу хүн учраас олон хоног хагас өлсгөлөнг ажрахгүй давсан ч цаагуураа тамирдаад байжээ. Тэгэхээр нь шувууны цус ууж тэнхрэхээр шийджээ. Энэ тухай өмнө нь олонтоо сонсож байсан учраас шувуу олох хэрэг гарав. Мэдээж далайн эргээс хол учраас түүний мөрөөдөл талаар болжээ. Гэтэл нэг өглөө сэрээд хартал ганц, хоёр цахлай харагджээ. Энэ бол эрэгт нэлээд ойртсоны дохио. Ямартай ч самбаачлан нэг шувууны хөлнөөс шүүрээд авлаа. Аз тохиож, далайн “тэнүүлчин” аминдэмээр биеэ сэлгэлээ. Тэр өдрийн маргааш нь салхи салыг нь далайн гүн рүү тууж орхилоо. Ингэж явсаар 1943 оны хавар Пан Лиан далайн усны өнгө өөрчлөгдөж байгааг анзаарчээ. Энэ нь “Амазоны эрэгт ойртсоны шинж гэж таамагласан минь талаараа болоогүй” гэж дурссан түүнийг дөрөвдүгээр сарын 5-нд Бразилын гурван загасчин аварчээ. Сар гаруй эмнэлэгт сувилуулж, тэнхэрсэн тэрбээр АНУ-ыг зорьж, цагаачилсан аж. Дэлхийн хэмжээнд далайд 133 хоног төөрсөн түүний “амжилтыг” эвдсэн нь үгүй аж.
Бэлтгэсэн Э.Хана