“Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо 2021 онд болох байсан ч коронавируст халдвар цар тахлын улмаас 1 жилийн хугацаатайгаар хойшлуулж, 2022 онд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу үндэсний ялагчаа тодруулах “Монгол Ур Чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Ялагч Шанхай-2022 “Дэлхийн Ур Чадвар”-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх юм.
Шанхай-2022 тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 1,300 орчим оролцогчид ур чадварын 63 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монгол Улсын баг 7 мэргэжлийн төрлөөр оролцон, өмнөх амжилтаа ахиулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. “Монгол Ур Чадвар–2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг гагнуур, токарь, мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлийн хүрээнд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна.
Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр 2014 онд элссэн цагаас хойш сүүлийн 3 удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн юм.