2022 оны нэгдүгээр сарын 17-30-нд болох “Австралийн нээлттэй тэмцээн”-д оролцох теннисчдэд ямар шаардлага тавих талаар Австралийн Цагаачлалын сайд А.Хоук мэдээлсэн байна. “Австралид ирэх хүсэлтэй бүх хүнд хүргэх мэдээлэл байна. Та бүхэн зөвхөн вакцины хоёр тундаа л хамрагдсан байх ёстой. Энэ нь зөвхөн теннисчдэд бус, бүх хүнд тавигдах цорын ганц шаардлага” гэж А.Хоукийн ярьсныг “APNews” эш татан мэдээлжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-ий аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Н.Жокович өнгөрсөн долоо хоногт вакцин хийлгэсэн, эсэх талаараа тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан. Тиймээс түүнийг ирэх жил аварга цолоо хамгаалахаар Австралид ирэхгүй байх магадлалтай гэсэн таамаг гараад байна.
Бэлтгэсэн Н.Энх