Коронавирусийн дельтагаас үүссэн “AY.4.2” хэлбэрийн халдвар Британид тархаж байна. Тус улсад өнгөрсөн долдугаар сараас хойш бүртгэгдсэн тохиолдлын 10 хувиас эл вирус илэрч буй тухай “Financial times” сонинд бичжээ. “AY.4.2” нь дельтагаас илүү халдвартай байж болзошгүй гэнэ.
Кэмбрижийн неномын судалгааны төвийн дэргэдэх Венгерийн хүрээлэнгийн захирал Жеффри Барретт, Лондоны их сургуулийн коллежийн Ген судлалын хүрээлэнгийн захирал Франсуа Баллу нарын хэлснээр “AY.4.2” нь халдварлах чадвараар дельтагаас 10-15 хувиар илүү аж. Эл таамаг батлагдвал коронавирусийн хамгийн халдвартай хэлбэр нь “AY.4.2” болохыг Ф.Баллу хэлжээ. Өнгөрсөн зуны дунд үеэс Европын хэд хэдэн оронд илэрсэн энэ хэлбэрийн халдвар авсан анхны тохиолдол Израилд бүртгэгдсэн байна. Тодруулбал, Молдаваас онгоцоор зорчиж ирсэн 11 настай хүүгээс шинэ хэлбэрийн вирус илэрчээ.
Дэлхийн банкнаас 41 орныг хамруулсан судалгаанаас үзвэл манай гаргийн хөгжингүй бүс нутгуудаас илүү дундаж орлоготой орнуудад харьцангуй залуу хүмүүс “Ковид- 19”-өөр нас барж байна. Хөдөлмөрийн чадвартай ядуу хүн амын дунд нас барах эрсдэл өндөр байгаа нь зайнаас ажиллах нь ховор, өрхийн олон гишүүн нэг дор амьдардагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, ядуу орнуудад өндөр настнуудаа тусгаарлах боломжгүй. Тиймээс тэдгээр улсын өрхийн гишүүдийн 20 хүртэлх хувь нь 20 болон 60 настнуудаас бүрддэг бол хөгжингүй орнуудад ийм харьцаа таван хувиас хэтрэхгүй байна. Хөгжингүй орнуудад 65 хүртэлх насныхан нас барах магадлал маш бага болохыг судалгаа харуулжээ. Зөвхөн 2020 оны мэдээллийг ашигласан учир вакцинжуулалт дээрх судалгааны дүгнэлтэд нөлөөлөөгүй аж.