Хятадын Ардын банк үндэсний валютынхаа ханшийг 238 нэгжээр дээшлүүлснээр нэг доллар 6.4069 юаньтай тэнцэх болов. Энэ нь өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 онд цар тахлын улмаас юанийн доллартой харьцах ханш хэдэн сарын турш буурсан билээ. Мөн оны тавдугаар сард нэг доллартой тэнцэх юанийн ханш 7.1316 болж, 2008 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрсэн. Гэвч үүнээс хойш Америк долларын эсрэг Хятадын валютын ханш аажмаар чангарч эхэлсэн юм.
Үүний сацуу БНХАУ-ын ДНБ-ий өсөлт гуравдугаар улиралд өмнөхөөс 7.9 хувиас удааширч, 4.9 болсныг Үндэсний статистикийн товчооноос нь мэдээлжээ. Энэ нь Үндэсний статистикийн товчоо нь мэдээлэл хөтөлж эхэлсэн 2010 оноос хойших улирлын хамгийн бага үзүүлэлт болов.
Цар тахлаас тус улсын эдийн засагт үзүүлэх нөлөө бага байсан 2020 оны гуравдугаар улиралд гарсан суурь нөлөө өндөр байсантай холбоотой аж. Боомтуудад нь тогтоосон хязгаарлалтын улмаас хагас дамжуулагч ховордож, бусад нийлүүлэлт саатсаны улмаас БНХАУ-ын аж үйлдвэрийн өсөлт ердөө 3.1 хувьтай гарчээ. Сарын өмнө уг үзүүлэлт 5.3 хувьтай байжээ.
Нөгөөтээгүүр, тус улсад нүүрсний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрэв. Жэнжоугийн түүхий эдийн биржийн мягмар гаргийн арилжаа хаагдах мөчид нүүрсний фьючерс үнэ нэг тонн нь 1835.6 юань (287 доллар) болсон байна. Арилжааны явцад нэг тонн нь 1982 юаньд хүрсэн ч сүүлийн 10 минутад эрс буурч, дээд үзүүлэлтээс 5.5 хувиар доошилжээ. Тийнхүү Хятадын нүүрсний фьючерс үнэ долоон өдөр дараалан дээд үзүүлэлтээ шинэчлэв. Нүүрсний үнэ өсөж байгаа нь тус улсын хэд хэдэн бүс нутагт эрс хүйтэрсэнтэй холбоотой бөгөөд эрчим хүчний хямралыг улам хүндрүүлжээ. Хятадын эрх баригчид нүүрсний компаниудаас олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол тэдгээрт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг банкны салбарынханд үүрэг болгосон байна. Мөн халаалтад ашиглах түүхий эдийн хангалттай нөөцтэй байхын тулд эрчим хүч их зарцуулдаг томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийг өвлийн улиралд үргэлжлүүлэн хязгаарлах бололтой. Тухайлбал, хөнгөн цагааны үйлдвэрлэл төвлөрсөн Гуанси мужийн эрх баригчид үйлдвэрүүддээ 50 хувийн нэмэгдэлтэй үнээр эрчим хүч нийлүүлэх болсноо мэдэгджээ. Тэрчлэн Бээжин эрчим хүчний салбарт шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд цахилгааны үнийн дээд хязгаарыг суурь тарифтай харьцуулахад 10 хувиас 20 болгож өсгөсөн байна. Энэ нь үйлдвэрлэгч компаниудад нүүрсний үнийн өсөлтийг даван туулах боломж олгох гэнэ.