Японд ийм нэгэн хэрэг гарчээ. Фүкүока мужийн Мияма хотод амьдардаг, 51 настай Казүнари Амимото гэх эрэгтэй өглөө 0.4.00 цагийн үед хурдны зам дээр ачааны машин жолоодож яваад, бензингүй болсны улмаас зогсжээ. Тэрбээр машинаасаа буугаад алхаж явтал эргүүлийн цагдаагийнхан ирсэн аж. Хурдны зам дээр явган зорчигч байгаа талаарх жолооч нарын мэдээллийн дагуу ийнхүү цагдаагийнхан очсон юм байна. Ингээд түүнийг суулгаад цааш хөдөлсөн эргүүлийн хоёр цагдаа замын уулзварт хүрээд, ажил үүргийнхээ дагуу замын хөдөлгөөн зохицуулахаар машинаасаа түр буухдаа Казүнарид “Бид удахгүй учраас хүлээж байгаарай, уучлаарай” гэж хэлсэн байна. Гэтэл нөгөөх эр цагдаагийн машиныг жолоодоод явчихаж. Тэрбээр 20 гаруй км яваад саатуулагдсан бөгөөд “Гэртээ бушуухан харихыг хүссэн учраас цагдаа нарыг хүлээж тэссэнгүй” гэж тайлбарлажээ. Түүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар мэдээлээгүй байна.
Бэлтгэсэн Ж.Хана