2017 оны нэгдүгээр сарын 29-ний орой “Renault” машин Лондоны нисэх онгоцны “Хитроу” буудлын дэргэд ирж зогсов. Түүнээс хоёр хүн буулаа. Үүнээс хойших таван цагийн хугацаанд тэдний үйлдсэн хэргийг дөрвөн улсын хууль сахиулагчид мөрдсөн байна.
Саарал өнгийн “Renault” машинаар ирэгсдийн зорилго нь нисэх онгоцны буудлын хажууд байх агуулахууд байлаа. Тэд хашаанд нүхлэн дотогш орж ачаа тээврийн “Frontier forwarding” компанийн мэдэлд байдаг байшин руу зүглэлээ. Онгоцонд ачихын өмнө гаалийн шалгалт хийх үнэ цэнтэй бараа тэнд байдаг аж. Эгц өндөр ханатай тус байгууламж цамхгийг санагдуулам, ачаа ачих, буулгах ажил энд өдөр, шөнө тасрахгүй. Тийм болохоор хулгайчдыг зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэмгүй. Дохиоллын дориун төхөөрөмжөөр тоноглосон, алхам газрыг ч алгасалгүй ажиглах аппарат зоожээ. Гэвч хулгайч нар тэр бүхнийг яаж давах арга ухааныг сайн мэддэг юм санж.
Лондоны цагдаагийн өндөр албаны хүн болох Дэвид Уордын таамагласнаар хулгайч нар усны хоолойгоор дамжин агуулахын дээвэр дээр гарсан бололтой. Тэгээд 14 метрийн өндрөөс олсоор бууж. “Маш аюултай алхам. Жирийн нэг хулгайч ингэж ажиллахгүй” гэж Уорд хэлжээ.
Үнэт зүйлс, аж ахуйн үйлдвэрийн бараагаар дүүрсэн агуулах дотор ормогцоо хулгайч нар шаргуу гэгч нь нэгжиж гарчээ. Европын нэр хүндтэй цулгуулагчдын үнэ цэнтэй ховор ном бүхий гурван төмөр хайрцгийг олтлоо тэд харанхуйд таван цаг гаруй онгичсон аж. “Хажууд нь үнэт зүйл зөндөө байхад тэд зөвхөн ном л хайсан байна” гэж цагдаагийн ажилтан хэлжээ.
Ховор номыг Калифорнид болох эртний эд зүйлсийн үзэсгэлэн худалдаанд тэр шөнөдөө явуулахыг зорьсон аж. Гэмт хэрэгтнүүд тун цөөн хувь байдаг асар өндөр үнэтэй, тухайлбал, 1621 онд одон орон судлаач И.Кеплер бичсэн, хожим нь Альберт Эйнштейнд байсан “Орчлонгийн нууц”, И.Ньютоны “Байгалийн философийн математик зарчмууд”-ын 1777 оны хэвлэлт, 1569 онд хэвлэсэн Дантегийн “Тэнгэрлэг комеди” зэрэг нийтдээ 240 ном хулгайлжээ. Тэгээд орж ирсэн нөгөө л замаараа, дээврээр дамжин гараад алга болж. Өглөөний 03.00 цагийн орчимд номуудыг ачаад хөдөлсөн байна. Дэвид Уорд энэ хэргийг анх барьж авав. Тэгээд агуулахуудын орчимд байрлуулсан камеруудын сүүлийн 70 цагийн бичлэгийг үзлээ. Чухам үүний ачаар үйл явдлын өрнөлийг цагдаа нар мэдэж авлаа. Хулгайч нар өө сэвгүй ажиллаж дээвэрт гаргасан нүх, хаалгыг нь онгойлгоод суллаад орхичихсон гурван чингэлгийг эс тооцвол бариад авах сэжүүр Скотленд Ярдад (Английн цагдаагийн байгууллагын төв байр) үлдээсэнгүй.
Энэ бол орчин үеийн түүхэнд ном хулгайлсан хамгийн том хэргийн нэг байлаа. Уг хулгай дэлхийд нэр хүндтэй гурван цуглуулагчид гурван сая гаруй ам.долларын хохирол учруулсан юм. Гэхдээ зөвхөн мөнгөнд гол учир байсан юм биш. Тэдгээр номын нэлээд нь анхны эздийнхээ түүний дотор түүхэн хүмүүсийн гараар бичигдсэн тэмдэглэлийг хадгалж байжээ. Ийм гарзыг нөхөж барашгүй. Гэтэл хэрэг явдал дөнгөж эхэлж байсан юм санж. Гэмт хэрэгтнүүд цаашлах бодолтой байж.
Үнэтэй зүйлсийг тус улсын хилээр гаргамагц хулгайч нарын шинэ бүлэг Лондонд ирсэн байна. Долоо хоног өнгөрөхөд “Хитроу”-гийн дэргэдэх агуулахуудын нэгийг нь хоосолжээ. Мөн л төмөр аргамжаа хэрэглэн дээврээр дамжин агуулахад орсон байв. Сайн бэлтгэгдсэн “ажилчид” богино хугацаанд нэлээд тавиурыг “цэвэрлэж” орхисон байна.
Британийн хэвлэлд анхаарал татсан гарчиг эрээлжилж, Скотленд Ярд балархай мөрөөр мөшгиж байв. Их ач холбогдолтой энэ үйл ажиллагаанд зохион байгуулалттай гэмт хэргээр мэргэшсэн Энди Дарем татагдаж орсон ч түүний эхлүүлсэн далайцтай мөрдөн шалгах ажил үр дүнд хүрэхгүй л байлаа. Цагдаагийн ажилтнууд бүгдийг, хамгийн дэмий гэмээр зүйлийг ч, жишээ нь, хулгай гарах үед тус хотод циркийн тоглолт болсон, эсэхийг хүртэл шалгасан байна. Английн цагдаа нар мухардалд ороод байтал хилийн чанадаас, Зүүн Европоос чухал мэдээлэл ирэв. Хулгайн хэрэг гарснаас хойш гурван долоо хоногийн дараа Румыний зохион байгуулалтай гэмт хэрэг хариуцсан ерөнхий прокурор хатагтай Алина Албугийн ажлын газар луу нэг эрэгтэй хүн утсаар ярьж, Лондоноос хулгайлсан ховор номуудыг Румын руу явуулсан гэж хэлжээ. “Би наргиан хийж байна гэж бодсон” гэж Албу дурссан байдаг. Гэхдээ тус хэргийг үйлдсэн байх магадлалтай хүмүүсийн хочийг хэлээд байхаар нь прокурор түүний үгэнд итгэсэн аж. Эмэгтэй хулгайч Тиза, Блонди гэх нэрийг урьд нь ер сонсоогүй байв. Харин тонуулч хочтой Кристи гэдэг нэрийг дуулаад түүний тархинд гэрэл асах шиг болжээ. Тонуулч Кристи гэх нэрийг 15 жилийн өмнө сонссон аж. Түүний жинхэнэ нэр нь Гаврил Попинчук гэдэг, зартай гэмт хэрэгтэн Иоан Клампаругийн баруун гар, тухайн үедээ Интерполоор эрж хайж байсан этгээд байв. Нэрээ нууцалсан хүний өгсөн мэдээллийг зайлшгүй шалгах шаардлагатай ч загалмайлсан эцгийнх нь овгоор нэрлэсэн “Клампару” гэдэг гэмт хэргийн бүлэглэлийг сэргээн бий болгосон байх магадлал өндөр байлаа. Алина Албу тэр өдрөө мөрдөн шалгах хэлтсийн дарга Тибериус Манела руу утасдаж “Ажил дээрээ буцаад ир, маш том шинэ ажил ундарлаа” гэсэн байна.
Энэ үед нөгөө Дэвид Уорд Лондонд ажлаа үргэлжлүүлж байв. Видео бичлэгээс “Renault”-ын дугаарыг тодруулж, улмаар Лондоны урд дүүргээс машиныг олжээ. Түүний баримт бичиг нь хуурамч, машины эзэн нь Англид амьдардаг, Румыний иргэн байв.
Английн цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтний талаарх мэдээлэл дутмаг байлаа. Харин Румынд ажил хэрэгт шуурхай орсон Тибериус Манеа нэрээ нууцалсан хүн утасдсаныг Английн талд хэлснээр мөрдөн шалгах ажиллагаа зогсонги байдлаасаа хөдлөв.
Лондонд ажил хэргийг удирдахаар томилогдон Энди Дарем болон Девид Уорд, Тибериус Манеа нар 2017 оны гуравдугаар сард Гаага дахь Европын цагдаагийн байгууллагын төв байранд уулзав. Британи, Румын, Нидерланд, Италийн хууль сахиулах байгууллагуудын хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа ийнхүү эхэлжээ. Ажил хэд хэдэн чиглэлээр өрнөж байлаа. Манеагийн баг тонуулч Кристийн араас ажиглаж, сэжигтнүүдийн талаарх мэдээллийг нэгтгэж байв. Лондоноос авсан шинэ мэдээ Румыний цагдаа нарт тус боллоо. Гэмт хэрэгтний ДНХ-ийг агуулахын доторх төмөр шатны гишгүүрээс Уорд олжээ. Энэ нь нэрээ нууцалсан мэдээлэгч Тизу гэж нэрлэсэн Дэниел Дэвид гэгчийн үлдээсэн баримт байлаа. Ном хулгайлахад оролцсон Нарцис Попеску гэгчийг Румыний цагдаа нар цэвэр тохиолдлоор саатуулсан байна. Түүний машиныг нэгжихэд Англиас худалдаж авсан үнэ хүргэж зардаг харилцуур утас, цахим тэмдэглэлийн төхөөрөмж олджээ. ДНХ-ийг шинжилэхэд “Renault” машиныг тэрбээр жолоодож явсан нь нотлогдов. Дэвид, Попеску нарыг ажиглаж, мөрдсөөр гуравдах сэжигтэн Блонди хочит Виктор Опарюкийн мөрөөр орчихов. Ингээд бүх юм цэгцэрч нэгдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дэнел Дэвид, Виктор Опарюк хоёр нисэх онгоцны буудлын агуулахад орж, Попескук машин жолоодож явсан байв. Одоо гол сэжигтэн Гаврил Попинчук л үлдээд байлаа. Хулгайг чухам энэ хүн зохион байгуулсан гэж үзэх бүх үндэслэл Румыний талд байжээ. Албу прокурорын үзэж буйгаар Попинчук, 41 настай, румыний иргэн Кристиан Унгурян хамтарсан аж. Бүх ажиллагаа Румыний хилийн гадна, тэдний оролцоогүйгээр төлөвлөгдсөн байв. Өөр улсад байгаа болохоор мөрдөн байцаагчид тэднийг сэжиглэж, баривчилна гэж гэмт хэрэгтнүүдийн санаанд багтахгүй байжээ. Ер нь бол Попинчук гэмт хэрэгт өөрий биеэр бараг л оролцдоггүй байжээ. Хулгай гардаг шөнө Опарюкийн утасны яриа энэ таамаглалыг баталжээ. Хэрэг үйлдэж байх үед тэрбээр Унгурян руу хэд хэд залгажээ. Нохойн дуу тун ойртоод байсан ч Румыний цагдаа нар Попинчукийг баривчлахыг яарахгүй байв. Гэтэл баривчлагдах нь гарцаагүй болохыг мэдэрмэгцээ гэмт хэрэгтнүүд үнэт ховор номнуудыг устгачихаж болзошгүй аюул байлаа. Тиймээс бүгдийг нь нэгэн далайлтаар баривчлах, үүний тулд түүнд сайтар бэлтгэх шаардлагатай. Гадаадын мэргэжил нэгтнүүдийнхээ оролцоогүйгээр ингэж ажиллах боломжгүй байв.
Ховор номуудыг хулгайд алдсанаас хойш хоёр жил хагас өнгөрч 2019 оны зургадугаар сарын 25 боллоо. Дөрвөн улсын мөрдөн шалгах бүлгийн гишүүд, Европын цадаагийн байгууллагын хүмүүс түүний төв байранд цуглав. Тэдний удирдлагаар 150 гаруй ажилтан Англи, Итали, Герман, Румыний 45 газарт зэрэг нэгжлэг хийсэн байна. Попинчук, Опарюк, Дэвид, Попеску болон дээрмийн бүлгийн өөр гурван гишүүнийг Румынд баривчилжээ. Унгурянгийн дүүг Германд, өөр гурван хүнийг Англид саатуулав. Ах Унгурян нь 2020 оны нэгдүгээр сард Италиас баривчлагдсан байна. Тэднийг бүгдийг нь Англид авчрав. Шүүхийн ажиллагаа 2020 оны хоёрдугаар сарын 20-нд эхэллээ.
Гэмт хэрэгтнүүд эхлээд нэг хүн шиг биеэ өмөөрч буруугаа хүлээхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байжээ. Удалгүй дэлхий дахиныг цар тахал нөмөрч шүүхийн хуралдаан тодорхой бус хугацаагаар хойшиллоо. Гайхалтай нь, чухам энэ нөхцөл байдал Попинчук болон түүний бүлгийнхнийг бууж өгөхөд хүргэжээ. 2020 оны намар тэдэнд ял өгөв. Дэвид, Опарюк нар гурван жил, долоон сар хоригдох боллоо. Унгурян, Попинчук хоёрт таван жилийн ял өгөв.
Алга болсон үнэт бүтээлүүдээс дөрвөн ботиос бусдыг нь Унгурянгийн сууцны доор байх гараашаас олжээ. Азаар гэмтэж урагдаагүй байсан аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант