БНАСАУ-аас Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн командлалаас мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тодруулбал, эл тэнгисийн эрэгт орших Өмнөд Хамгён мужийн Синпо хотын ойролцоогоос тэдгээрийг харвасан гэнэ.
Японы эргийн хамгаалалтынхан ч Умард Солонгосоос баллистик пуужин харвасныг мэдээлээд, пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэйг загас агнуурын хөлөг онгоцнууддаа цаг тухайд нь анхааруулжээ. Үүнийг Японы Ерөнхий сайд нотолж, хоёр ч баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн байна.
Үүний өмнөхөн БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Ким Сун Умард Солонгостой яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэх арга замын талаар БНСУ-ын тусгай төлөөлөгчтэй хэлэлцэхээр Сөүлд энэ долоо хоногт айлчлахаа мэдэгдсэн юм.
Тэрбээр БНСУ, Японы тусгай төлөөлөгч Ну Гю Док, Такэхиро Фүнакоши нартай АНУ-д уулзсаныхаа дараа энэ долоо хоногт Сөүлд айлчилна. Гурван талын төлөөлөгчид хэлэлцээ хийх юм. Үүний өмнө Ким Сун, Ну Гю Док нар Төрийн департаментад уулзаж, БНАСАУ-тай хийх хэлэлцээг сэргээх арга зам, Солонгосын дайныг дуусгах тунхаг бичгийн тухай ярилцсан байна. Тунхаг бичигт гарын үсэг зурах саналыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы индрээс тавьсан юм. АНУ-ын эрх баригчид Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж, урьдчилсан болзолгүйгээр уулзахад бэлэн бөгөөд энэ чиглэлээр БНСУ, Япон зэрэг түнштэйгээ нягт хамтран ажиллах шийдвэр төгс байгааг Ким Сун уулзалтын дараа мэдэгджээ.
Хэлэлцээ хийх тухай Вашингтоны саналыг дайсагнасан бодлогоо далдлах гэсэн оролдлого хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун урьд мэдэгдэхдээ АНУ-аас цэргийн аюул өдгөө ч заналхийлж байгаа гэсэн юм. Харин Умард Солонгосын гадаад бодлогын тухай мэдээлдэг “Meari” цахим хуудсан дахь гарсан тайлбараас үзвэл тус улс БНСУ-д хоёр талын харилцаагаа сайжруулах арга хэмжээ авахыг уриалаад, энэ нь Найрамдлын гэрээ байгуулах нөхцөл болохыг онцлон тэмдэглэжээ. Сөүл зэвсэглэлээ өргөжүүлж, АНУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийж буй нь өнөөгийн түгшүүртэй байдлыг үүсгэсэн хэмээн уг тайлбарт бичсэн байна.
Өнгөрсөн сард Пёньян хэд хэдэн туршилт явуулж, дуунаас хэт хурдан “Хвасон-8” пуужин туршсанаа мэдээлсэн. Тодруулбал, есдүгээр сарын 15-нд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. Есдүгээр сарын 28-нд мөн ойрын тусгалтай пуужин харвасныг БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт Ну Гю Док ОХУ-д айлчилсан юм. БНАСАУ-ын байр суурийг ОХУ ойлгож буй бөгөөд Солонгос хоорондын яриа хэлэлцээг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг тэрбээр мэдэгджээ.