Энэ сарын 13-ны өдөр Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүст ажилладаг хятад ажилтнаас коронавирусийн халдвар илэрснээс үүдэн тус газар хөл хорио тогтоож эхэлсэн. Тодруулбал, Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгвэл өчигдөр 11:00 цагаас эхэлж хүнсний зүйлийг зөвхөн дуудлагаар гэрт хүргэж, хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хөл хорионы дэглэмийг чангатгасан гэнэ.
Сүүлийн 24 цагт тус газарт коронавирусийн таван тохиолдол батлагдсан бөгөөд хотын хөдөлгөөнийг бүрэн хааж /хүнсний дэлгүүр, эмийн сангууд багтсан/ дэглэмийг чангатган иргэдийн хөдөлгөөнд дрон болон камераар хяналт тавьж байгаа гэнэ. Мөн Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон аж. Одоогоор Замын-Үүд, Эрээн автозамын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байна, хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байгаа талаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.
Өвчний тархац, нөхцөл байдалдтай холбогдуулан ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн бусад хошуудад бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
- Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны 10 дугаар сарын 1-ээс хойш ирсэн иргэдийг ПСР-ын шинжилгээнд хамруулж, гэрт нь 7 хоног тусгаарлах,
- Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх,
- Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах,
- Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халваргүйжүүлэлтийг хийж, бүтээгдэхүүнээс тогтмол ПСР шинжилгээ авах,
- Вакцинжуулалтад 18-аас дээш иргэдийг түүнчлэн, малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.