Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Ажинт гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Орхон сумаас Байгаль орчны улсын хяналтын байцаагчид 15.42 цагт очиход нутгийн иргэд түймрийг хэдийн унтраасан байжээ. Мөн өчигдөр Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Ангирт багийн “Авсад Хайрхан” гэдэг газар хээрийн түймэр гарсан дэгдсэн гэнэ. Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж 16.10 цагт цурамд оруулжээ. Улмаар 16.25 цагт бүрэн унтрааж, байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймрийн улмаас 400 га талбай шатсан аж.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дэгдэж ихээхэн газар, талбай шатсан.
Тухайлбал, Дорнод аймгийн тойрч хэд хэдэн газар түймэр гарчээ. Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Шороот уул" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2021.10.13-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан гэнэ. Ингээд аймгийн Хилийн 0132 дугаар ангийн 6, 7, 8, 9 дүгээр заставаас 21 алба хаагч, 5 автомашинтай хадлан дээр ажиллаж байсан иргэдээс 6 хүн 2 автомашинтай, нийт 27 хүн, 7 автомашинтай ажиллаж 16.40 цаг түймрийг бүрэн унтрааж, 8-р заставын харуулын дарга, ахмад Б.Амарбаярт хүлээлгэн өгсөн. Түймрийн урт 4 км, өргөн 3,8 км, түймэрт 152 га талбай шатсан.
Үүнээс гадна Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн "Зүүн өл" гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2021.10.12-ны өдрийн 11.57 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас 6 ажилтан, 1 автомашин, нийт 18 хүн, 2 автомашинтай 33 минут ажиллаж, 13.30 цагт түймрийг бүрэн унтрааж, Баянтүмэн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, Э.Төгсмандахад хүлээлгэн өгсөн. Түймэрт 600 га талбай шатсан аж.