БНХАУ-ын 10 мянган тонн ус түрэх чадалтай, эскадрын мина тээгч хөлөг онгоц анх удаа гадаадын тэнгисийн хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байна. Тодруулбал, Хятад, Оросын цэргийн хамтарсан сургуулилт Японы тэнгист болж буй тухай “Global times” сонинд бичжээ.
Энэ нь тус хоёр улс хооронд стратегийн харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрснийг харуулж буй төдийгүй тэнгисийн аюулгүй байдалд учирсан заналхийллийг хамтдаа сөрөх, бүс нутгийнхаа энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чадавхаа дээшлүүлэх боломжийг тэдэнд олгохыг Хятадын шинжээчид тэмдэглэв. Өрнөдийн орнууд “Quad” (Аюулгүй байдлын дөрвөн талын яриа хэлэлцээ), AUKUS (Австрали, Британи, АНУ-ын батлан хамгаалахын эвсэл) байгуулах замаар аюулгүй байдлын салбарт эвссэн үед уг сургуулилалт болж буй нь анхаарал татжээ.
“Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” сургуулилалт Япон тэнгист Их Петрийн булангийн ойролцоо болж байна. Эрс өөрчлөлт, цар тахлын үеэр болж буй, жил тутмын сургуулилалтынхаа үеэр Орос, Хятадын тэнгисийн цэргийн хүчнийхэн холбоо тогтоох, минын аюултай тэмцэх, агаарын довтолгооноос хамгаалах аргуудыг боловсруулж, усан дахь бай руу байлдааны гал нээж, шумбагч онгоцны эсрэг хамтарсан ажиллагаа явуулах гэнэ.
Хамтарсан сургуулилалт нь хоёр улсын тэнгисийн цэргийн хүчний найрсаг практик хамтын ажиллагааг бэхжүүлж, байлдааны ур чадвараа дээшлүүлэн, тэнгисийн аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг хамтдаа даван туулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чадварыг нэмэгдүүлэх зорилготойг Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жан Жунше “Global times”-т ярилцлага өгөхдөө хэлжээ. Хятадын хөлөг онгоцнууд урьдчилан цугларалгүй шууд сургуулилалтад оролцсон нь байлдааны ажиллагааны бодит нөхцөлд илүү нийцсэн бөгөөд тухайлбал, тэнгисийн тээврийн алсын чиглэл аюулгүй байдлыг хангах, хүчин чадлыг бэхжүүлэх боломж олгож буй аж.
“Тэнгисийн хамтын ажиллагаа” сургуулилалтыг Хятад болон Орос 2012 оноос хойш ес дэх удаагаа хамтран явуулж байна. Үүнд анх удаа оролцож буй Хятадын эскадрын мина тээгч хөлөг онгоц энэ жил гурав дахь удаагаа Япон тэнгисийн усанд нэвтэрч байна. Энэ нь тус бүс нутагт Хятадын Тэнгисийн цэргийн хүчин сургуулилалт хийх нь ердийн үзэгдэл болж, тус улсын флотын хүчин чадалдаа итгэх итгэл нэмэгдсэний нотолгоо юм гэж “Shipborne weapons” сэтгүүлийн ерөнхий редактор Шин Хун хэлжээ.
Бенгалын буланд АНУ, Энэтхэг, Австрали, Япон хамтран “Малабар” сургуулилалт хийж буйтай зэрэгцэн “Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” болж байна. Үүний сацуу АНУ, Британи, Япон зэрэг зургаан орон Өмнөд Хятадын тэнгис болон үүний ойролцоох усанд саяхан сургуулилалт хийсэн билээ. “Quad”, AUKUS зэрэг бүс нутгийн аюулгүй байдлын шинэ байгууллага нь Хятад болон ОХУ-д ноцтой аюул учруулж буй. Тус хоёр улсын хамтарсан сургуулилалт бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж цэргийн шинжээч, телевизийн тайлбарлагч, Сун Жунпин “Global times”-т ярилцлага өгөхдөө хэлсэн байна.