БНХАУ өнгөрсөн наймдугаар сард дуунаас хурдан, цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужин туршжээ. Үүнийг Америкийн тагнуулынхан санамсаргүй илрүүлснийг “Financial times” сонин уламжиллаа. Нууцаар туршсан пуужин байндаа тусаагүй ч дуунаас хурдан зэвсэг бүтээхэд гайхалтай дэвшил гарсныг харуулсан гэнэ.
Төлөвлөсөн ёсоор бол пуужин Өмнөд туйл дээгүүр нисэх ёстой байв. Энэ нь Умард туйлын чиглэлд анхаарлаа хандуулдаг АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд асуудал үүсгэж болзошгүй аж.
Дээрх туршилтын талаар Пентагон тайлбар өгөхөөс татгалзсан ч Хятадын цэргийн үйл ажиллагаа бүхэлдээ идэвхжиж байгаад түгшиж буйгаа илэрхийжээ. БНХАУ-ын армийн чадавх тус улс болон бусад бүс нутгийн түгшүүртэй байдал улам газар авахад хүргэж буйг АНУ-ын БХЯ-ны төлөөлөгч Жон Кирби хэлэв.
Хятадын цэргийн бодлого батлан хамгаалахад чиглэснийг АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч Лю Пэнъюй тэмдэглэлээ. Бээжинд АНУ-ынх шиг дэлхийг хамарсан стратеги, цэргийн ажиллагааны төлөвлөгөө байхгүй гэж тэрбээр хэлсэн байна. АНУ дуунаас хурдан зэвсэг бүтээж буйгаа зөвтгөхийн тулд сүүлийн жилүүдэд Хятадаас аюул заналхийлж буй тухай “үлгэр” зохиох болсон хэмээн Лю Пэнъюй дурджээ.