Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19-ийн гарал үүслийг үргэлжлүүлэн судлах шинжээчдийн шинэ багийг бүрдүүлж байгаа бөгөөд эл үйл явцыг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ. Энэ тухай тус байгууллагын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
"Одоогоор мэдэгдсэн өгөгдөхүүн дээр үндэслэн дараагийн цуврал судалгаагаар анхдагч тохиолдлууд болон 2019 оны эхэн үеийн халдварын тохиолдлуудыг нарийвчлан шинжих юм. Мэдээллийн хүртээмжтэй байдал нь бидний шинжлэх ухааны талаарх ойлголтыг ахиулахад нэн чухал бөгөөд үүнийг ямар ч байдлаар улс төржүүлж болохгүй" хэмээн мэдэгдэлд онцолжээ.
ДЭМБ 700 өргөдлөөс 26 хүнийг шинэ багт сонгосон байна. Багт тархвар судлал, мал эмнэлэг, экологи, эмнэл зүйн анагаах ухаан, вирус судлал, молекулын тархвар судлал, молекулын биологи, ерөнхий биологи, хүнсний аюулгүй байдал, биоаюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарын төлөөлөл орсныг ДЭМБ тэмдэглэв.
Тус шинжээчдийн баг SARS-CoV-2 зэрэг тахал, тахлын магадлал бүхий шинэ эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах талаар ДЭМБ-д зөвлөгөө өгөх, SARS-CoV-2-ийн гарал үүслийн талаархи дэлхийн судалгааны бүх боломжтой шинжлэх ухаан, техникийн үр дүн үнэлгээ өгөх, SARS-CoV-2-ийн гарал үүслийн талаархи судалгааг боловсруулах, хянах, дэмжих талаар зөвлөгөө өгөх юм.