Увс аймгийн Сагил сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын хилийн зааг бүхий хэсгийг агнуурын бүс болгох зорилготой хууль бус төлөвлөгөөг нэгэн компани батлуулах гэж байна гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд ирүүлсэн юм. Тодруулбал, эл төлөвлөгөөг “Тэнгри и ди эн” компанийн захиалгаар “Эко үйлчилгээ” төрийн бус байгууллага гүйцэтгэжээ. Ингэхдээ Хэрээгийн даваа хэмээх газар дахь янгир, аргалийн нөөц, тоо толгойг бодит байдлаас хэтийдүүлсэн буюу хэт өндрөөр тогтоосон, орон нутгийн иргэдийн саналыг сонсоогүй атал эл асуудлаар сумын хэмжээнд хоёр удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн хэмээн менежментийн төлөвлөгөөнд тусгасан зэрэг зөрчил гаргажээ. Тус сумын иргэдийн хэлж байгаагаар тухайн газарт цөөн тооны аргаль, угалз нутагладаг бөгөөд агнуурын бүс болгох үндэслэлгүй гэнэ.
Энэхүү төлөвлөгөөнд “Сагил сумын удирдлагын санаачилга, “Тэнгри и ди эн” компанийн санхүүжилт, захиалгаар “Эко үйлчилгээ” төрийн бус байгууллага агнуур зохион байгуулалт хийж, гүйцэтгэв” гэж бичжээ. Мөн менежментийн төлөвлөгөөтэй танилцаж, албажуулах хүмүүсийн дунд Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяагийн нэр байв. Эл ажилд БОАЖГ оролцоотой, эсэхийг түүнээс тодруулахад “Энэ жил аймгийн хэмжээнд агнуурын бүс нутгийн нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийлгэж буй. Үүний хүрээнд хийсэн ажил. Гэхдээ би баталгаажуулж, гарын үсэг зураагүй” гэв. Хэрээгийн давааг агнуурын бүс нутаг болгохыг зөвшөөрөх үү гэж лавшруулахад “Мэдэхгүй, тодорхой болоогүй асуудал” хэмээн хариуллаа.
Бэлтгэсэн Ж.Мишээл