"Ковидын хуруу" гэдэг нь хөлийн хуруу, ул, заримдаа гарын хуруунууд улайж үрэвсэхийг хэлнэ. Гэхдээ энэ нь бие даасан өвчин биш бөгөөд Covid-19 өвчний нэг шинж тэмдэг аж. Эл шинж тэмдэг коронавирусээр өвчилсөн ямар ч насныханд илэрч болох боловч ихэнхдээ бага болон өсвөр насны хүүхдүүд өртөж байна.
Шинж тэмдэг зарим хүмүүст зовуургүй бол зарим нь хүчтэй өвдөж, загатнаж, хавдаж шархалж байгаа талаар гомдоллож байгаа аж. Зарим хүмүүсийн тэр хавийн арьс зузаарч идээт үрэвсэл болж болдог гэнэ. "Ковидын хуруу" шинж тэмдэг хэдэн долоо хоногоос хэдэн сар ч үргэлжлэх талтай. Хамгийн хачирхалтай нь ковидын хуруу шинж тэмдэг илэрсэн хүмүүс ханиалгах, халуурах, амт үнэр алдагдах зэрэг Covid-19-ийн бусад шинж тэмдэг мэдэрдэггүй байна.
Францын эрдэмтэдийн "ковидын хуруу" шинж тэмдэг бүхий 50 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар эл шинж тэмдэг вирусийн эсрэг үйл ажиллагааг хариуцдаг бие организмын дархлааны системийн хоёр элементтэй холбоотой аж. Нэг нь вирусийн эсрэг уураг болох интерферон, хоёр дахь нь бие организмд нэвтэрсэн вирустэй тэмцээд зогсохгүй өөрийн эд эсийг андууран дайрч эхэлдэг эсрэгбиет юм. Үүнээс гадна "ковидын хуруу" үүсэхэд өвдсөн хэсэгт цус хүргэдэгт хялгасан судаснуудыг бүрхдэг эсүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг аж.
Их Британийн арьсны эмч нарын холбооны төлөөлөгч Вероник Батайллийн тэмдэглэснээр “ковидын хуруу” шинж тэмдэг цар тахлын эхэн үед элбэг тохиолдож байсан боловч Дельта коронавирусий өнөөгийн хувилбар гарч ирснээр тийм ч түгээмэл биш болжээ. Энэ нь магадгүй вакцинжуулалттай холбоотой байж магадгүй аж. "Ковидын хуруу" шинж тэмдэг зарим хүмүүст яваандаа өөрөө арилдаг бол зарим тохиолдолд тусгайлан эмчилгээ шаардагддаг гэнэ.