“Исламын улс” террорист бүлэглэлийн хоёрдугаар хүн байсан Сами Жасим аль-Жабурийг Иракийн тусгай албаныхан баривчлав. Хажи Хамид нэрээр зартай, тус бүлэглэлийн санхүүг хариуцдаг байсан түүнийг Иракийн тагнуулын албаныхны явуулсан олон улсын ажиллагааны үеэр баривчилсныг Ерөнхий сайд Мустафа аль-Каземи нь мэдэгджээ. “France-presse” агентлагийн уламжилснаар Сами Жасим аль-Жабурийг Туркээс баривчилсан аж.
Хажи Хамидыг баривчилсан хүнд АНУ-ын Засгийн газар таван сая долларын шан амласан. Түүнийг “Исламын улс”-ын халдлага үйлдэх төсвийг хуваарилахын сацуу тус бүлэглэлийн нэрийн өмнөөс нефть, байгалийн хий, ашигт малтмал, эртний эдлэлийг хууль бусаар худалдах ажлыг хариуцдаг байсан гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон үздэг аж. Түүнийг тус бүлэглэлээс явуулахаар төлөвлөж буй халдлагын талаар мэдээлэл өгнө хэмээн ажиглагчид таамаглаж байна.