Шведийн хааны шинжлэх ухааны академийн Нобелийн хорооны энэ оны эдийн засгийн салбарын шагналыг Канад, Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаач Жошуа Ангрист, Гуидо Имбенс нар хувааж авах болов.
Кард хөдөлмөрийн эдийн засагт, Ангрист, Имбенс нар шалтгаан болон үр дагаврын харилцаанд дүн шинжилгээ хийхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагналтнаар тодорчээ. Тэд хөдөлмөрийн зах зээлийн талаар шинэ үзэл бодлыг танилцуулж, эдийн засгийн үйл явцын шалтгаан, үр дагаврын тухай ямар дүгнэлт хийж болохыг туршилтаар харуулсан гэнэ. “Тэдний арга бусад чиглэлээр өргөжиж, туршлага дээр үндэслэсэн судалгаанд хувьсгал хийсэн” гэж Нобелийн хорооноос мэдэгдсэн байна. Цагаачлал нь цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй байдал, эсвэл тасралтгүй боловсрол эзэмших нь ирээдүйн орлогод хэрхэн нөлөөлөх гэх мэт нийгмийн шинжлэх ухаанд маш чухал шалтгаан, үр дагаврыг туршилтаар илрүүлэх боломжтойг эдгээр судлаач харуулжээ.