Загасчлахаар өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Заамар сумыг зорьсон таван иргэний хоёр нь голд осолджээ. Тэд Туул голыг гатлах явцад “Прадо-150” загварын суудлын автомашин нь усанд сууж, дээрх харамсалтай явдал гарсан гэнэ. Аймгийн Цагдаа болон Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан эрэн хайх ажиллагааг эхлүүлж, аравдугаар сарын 6-нд Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг уснаас олжээ. Харин нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 53 настай, эрэгтэйг өдгөө болтол олоогүй байна. Цагдаа, Онцгой байдлын газраас осолдсон иргэний ар гэрийнхэнтэй хамтран өчигдөр Хайлааст багийн “Доргинт” гэдэг газраас “Модон гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т, “Модон гүүр” гэдэг газраас “Хар хадан хошуу” гэдэг газар хүртэл 40 км-т завиар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрэл үргэлжилж байна.