Энэтхэгийн зэвсэгт хүчний командлал үндэслэлгүй шаардлага тавьж, БНХАУ-тай хийж буй хилийн асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гарахад хүндрэл учруулж байна гэж Хятадын ардын чөлөөлөх армийн Баруун бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч Лун Шаохуа мэдэгдэв.
Тус хоёр улсын хилийн түгшүүртэй байдлыг намжаахын тулд Бээжин асар их хүчин чармайлт гаргаж буй бөгөөд Энэтхэгийн тал бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хангах чин сэтгэлээ харуулж, бодитой алхмууд хийх ёстой хэмээн тэрбээр хэлжээ.
Энэтхэгийн NDTV телевизийн мэдээлснээс үзвэл тус улс хилийн асуудлаар Хятадтай хийсэн 13 дахь удаагийн хэлэлцээний үеэр Ладаксх муж дахь цэргээ татах ажлыг түргэн дуусгахыг шаардсан аж. Уулзалт Хятадын талд, хилийн Чушул-Молдо орчимд болж, есөн цаг үргэлжиилсэн байна.
Тус хоёр улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчид хоорондын хэлэлцээ 2020 оны хавар цэргийн мөргөлдөөний улмаас Ладакх бүс нутагт үүссэн түгшүүртэй байдлыг намжаах учиртай юм. Мөн оны тавдугаар сарын эхээр тус бүс нутагт Хятад, Энэтхэгийн 250 цэрэг оролцсон мөргөлдөөн болсон билээ. Дараа сарынх нь 15-наас 16-нд шилжих шөнө Галван гол орчимд мөргөлдөөн сэргэж, хүний амь эрсэдсэн. Цэрэг, дипломатын удаа дараагийн хэлэлцээний дараа талууд 2021 оны хоёрдугаар сарын 10-нд хилийн маргаантай бүсээс цэргээ харилцан татаж эхэлжээ.