Орон даяар мод тарьж эхэллээ. Сайн хэрэг байх. Гэхдээ тарьсан, суулгасан бүхнээ ургуулж чаддаггүй “туршлага” байдаг нь нууц биш. Нэгэнт бүх нийтээр хөдөлж буй, НҮБ-ын индэр дээрээс дэлхийн улсуудын удирдагчдын өмнө тэрбум мод тарьж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлнө, цөлжилтийг сааруулна гээд амлачихсан болохоор зорьсондоо хүрэх нь хүн төрөлхтний өмнө монголчууд бидний хүлээсэн үүрэг болох нь.
Хаа сайгүй байгууллага, хамт олноороо нүх ухаж, мод суулгаж, хажууд нь дурсгалын зураг татуулж байна. Анзаарч байхад хашаа барьж, хайс татсан нь ховор юм. Суулгах нэг хэрэг, арчилж хамгаалах, хайрлаж ургуулах нь санаснаас амаргүй хэмээн учир мэдэх зарим нь ярьж буй. ЗХУ-д Ойн техникийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж, Улсын төлөвлөгөөний комисст ойн салбар хариуцсан мэргэжилтнээр нэлээд хэдэн жил ажиллаж байсан нэгэн санал бодлоо хуваалцсан юм. Тэрбээр “Тооцоо судалгаа байна уу. Хөрөнгийн эх үүсвэр нь юу вэ. Ажиллах хүч, хэрэгжүүлэх үе шат, технологийн горим тодорхой байх ёстой. Усны нөөцтэй уялдуулсан уу. Эдийн засагт ач холбогдолтой юу. Зорилгодоо хүрэхийн тулд аль ажлыг ямар дарааллаар хэрхэн хийж гүйцэтгэх вэ. Тэрбум модыг бодитоор манай орны цаг уурын нөхцөлд ургуулахын тулд хэчнээн хэмжээний суулгац бэлдэх ёстой вэ. Байгалийн нөхцөлөөрөө ургах боломжтой газруудыг түшиц болгомоор. Энэ ажлын иж бүрэн төсөл байна уу” гэж асууж байлаа.
Энэ мэтчилэн уг асуудалд монгол хүн бүр анхаарч эхэлсэн энэ үед уг сэдвийн хүрээнд материал бэлдэх явцдаа олзуурхан “шүүрч авсан”, байгальд ээлтэй нэгэн буурлын мод тарьж, ургуулсан туршлагаас сонирхуулахаар зэхлээ.
Модонд дурласан, “Ээ дээ, жижигхэн хөөрхөн гурван нахиа цухуйгаад ирэхээрээ болоод явчихдаг юм” хэмээн ярихдаа хоолой зангируулан, нулимс дуслуулж суусан ханхар өвгөнийг Л.Лхамсүрэн гэдэг. Барилгын инженер, сантехникч мэргэжилтэй. Улаанбаатар хотын Барилгын нэгдсэн трестийн даргаар 27 жил ажилласан. Салбарынхан болон бизнесийнхэнд танил. Бидний сайн мэдэх 100 айлын барилгын материалын захыг үүсгэн байгуулагч гээд хэлчихэд буруудахгүй түүх замналтай хөдөлмөрч эр. Тэрбээр Политехникийн дээд сургуулийг 1978 онд уг мэргэжлээр төгссөн бөгөөд шевред, шевро, том шир, архи, пиво, спиртийн завод зэрэг эх орны зургаан том үйлдвэрийн барилгыг удирдан бариулж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажилд бэлэн болгож байсан социализмын үеийн “хэнхэг”дарга нарын нэг.
Тэрбээр нийслэлээс зүүн хойхно байдаг Улиастайн аманд, Цагдуулт уулын харалдаа 6.2 га газарт мод тарьсан. Очиж үзлээ. Тэр хэсэг газарт яг л ойд явж байгаа юм шиг. Өндөр ургасан олон улиангар “Түүх хүүрнэе” гэх лугаа адил навчсаа сарчигнуулан даллаж байх шиг. Болц нь гүйцсэн чацаргана мөчрөө даран саглайгаад л. Шувууд олон хэлээр жиргээд л. Сонирхолтой нь чацарганы мэт зүстэй эрх муужгай эзнээ ирсэнд баярлаад байгаа бололтой, дагаж харайх нь өхөөрдөм. Агаарын сайханд нам цохиулсан тул тэдний хүүхдүүдийнх нь байшингуудын аль нэг рүү ороод нам унтмаар. Барилгын салбарт насаараа ажилласан, өдгөө нас 70 гарсан түүнээс амьдралын ийм тансаг орчин хэрхэн бүрдүүлсэн талаар нь асууж, хэсэг зуур ярилцсан юм.
Л.Лхамсүрэн гуай гараа харуулаад “Дөчин жил дарга байсан хүний гар мөн үү дээ” гэв. Хариу хэлж амжаагүй байтал “Ах нь гараа ийм болтол нүх ухсан юм. Тэтгэвэртээ гарсан хүн юу хийх билээ, хөгшинтэйгөө хоёулаа олон жил мод тарьсан. Хүүхдүүд тусалдаг л даа” гэсэн юм. Мод тарих санаа түүнд 30 жилийн өмнө төржээ. Хадам аав, ээж нь Цагдуулт уулнаас мөчир түүж түлдэг байжээ. Заримдаа шургааг аваад ирнэ. Тэр үед инженер хүргэн нь “Аав, ээж хоёр минь мөчир голдуу түүдэг ч, нойтон мод хааяа авчрах юм. Энэ уулнаас хэдэн мод огтлоо бол. Үр хүүхдээ хүний зэрэгтэй сайхан өсгөсөн, буянтай хөгшдөдөө зориулж, огтолсон байж болох модных нь тоогоор энэ цулгуй газарт мод тарья” гэж боджээ. Нэг өдөр гэнэт харван орж ирсэн ийм бодлоос нь өнөөдрийн төгөл, бичил ой “мэндэлжээ”. Тухайн үед буурлуудаа бодож хөдөлж эхэлсэн бол яваандаа өөрийгөө агаар, хүчилтөрөгч үйлдвэрлэгч хэмээн тоох болж. Одоо бол түүний хөдөлмөр, бүтээл улс үндэстний, улмаар олон улсын агуулга, ач холбогдолтой үйлс болсныг харж байна.
Ховд аймгийн Дарви суманд Сутай хайрхнаас эх аван урсдаг Чулуутын голын эрэгт төрсөн, аавыгаа 97, ээжийгээ 100 наслахыг харсан буурал тул арга ч үгүй байх, эцэг, эхийнхээ тухай, мөн гол, ус, мод, байгаль дэлхийн сэдвээр ярихдаа тун чиг уян нэгэн ажгуу. Тэрбээр “Дүү нар минь, тарьсан бүхэн ургадаггүй юм шүү. Тун их хүчин чармайлтын дүнд мөчрийн үрслэгээг мод болгодог юм. Уулнаас мод авчирч, нүхэнд булах, суулгахыг бол мод тарих гэхгүй. Шулуухан хэлэхэд нүгэл. Манай энэ хашаанд 700 орчим мод бий. Нэг бүрийг нь төрсөн хүүхэд шигээ харж хандаж өдий зэрэгтэй болгосон. Туулайнаас авхуулаад саад бэрхшээл их. Бид бүхнийг даван туулсан. Оросоос, Хятадаас суулгац авчирч байлаа. Мод тарих гэсэн юм гээд, туршлага судлаад, асууж сураглаж явахад орос ч, хятад ч маш уриалгахан хүлээж авч, зөвлөдөг байлаа. Манжуурт мөн л мод хайж явахад надад мод зарах гэж байсан хятадууд сүүлдээ уяраад олон тооны мод үнэ төлбөргүй өгсөн шүү дээ. Машинд ачиж Монголын хил рүү авчирч өгч байлаа. Мод тарьж ургуулах ажилд чин сэтгэлээ өгөх гэдэг ийм нандин. Мод тарих далимд олон сайхан хүнтэй нөхөрлөсөн. Хамгийн гол нь тарихад бус, арчилж, тордож, ёстой л нүдний цөцгий мэт хайрлаж ургуулах чухал” хэмээн ярьж байлаа.
Байгальд ээлтэй буурал нэгэн нууц дэлгэв. Тэр нь бордоо. Мод ургуулах хөрсийг малын цустай багсарсан шороогоор баяжуулдаг гэнэ. Тэрбээр “германууд мод тарихдаа адууны цусаар борддог. Цустай багсарсан шороон давхарга хоёр см-ээс илүүгүй байх ёстой талаар ахаасаа сонссон. Би заримдаа өөрийн дураар аашилдаг мангардуу нөхөр. Цус хийхэд болж байгаа юм чинь, цувдай бас таарах ёстой гэж бодлоо. Түүхий элэг, гүзээ зүсээд хөрсөнд хийвэл мод тэндээс шим тэжээл аваад ургана гэж бодоод туршив. Гэтэл юу болсон гэж санана, 400-гаад мод минь үхчихсэн. Өнөөх хийсэн юмнууд минь жилийн хугацаанд өмхийрөөд, ялзраад, өт хорхойн үүр болчихсон байсан байсан шүү дээ” гээд хөхөрч байлаа.
Ийм нэгэн ажиллах, өсгөж, үржүүлэх, ургуулах хоббитой гэхээр, санаснаараа амьдарч, орчин тойрондоо инээд хөөр түгээж байдаг, модонд дурласан буурал инженер түүх ярьж, туршлагаасаа хуваалцав. Тэрбээр нэг зүйлийг аминчлан захисан юм. “Зовлонгүй ургадаг мод гэж үгүй. Зөв, тооцоотой бөгөөд мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөлмөр, хөрөнгө үрэн таран болгоно шүү” гэсэн юм.