ОХУ-ын “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов, Филиппиний сэтгүүлч Мария Ресса нарт энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг олгох болжээ. Тэдний ардчилал, бат бөх энх тайвны үндэс суурь болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар гаргасан хүчин чармайлтыг Норвегийн Нобелийн хороо үнэлж, эл нэр хүндтэй шагналыг олгохоор шийдcэн аж. “Ардчилал бол дайн, мөргөлдөөний эсрэг барьж болох нийгмийн хамгийн сайн халхавч юм. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөгүйгээр ардчилал гэж байхгүй” хэмээн тус хорооны тэргүүн Берит Рейс-Андерсен онцлон тэмдэглэв.
“Хамтран ажилладаг хүн нь амь үрэгдсэн, аюул эрсдэлтэй хэдий ч “Новая газета”-гийн ерөнхий редактор Дмитрий Муратов сониныхоо бие даасан бодлогоос татгалзаагүй. Сэтгүүлчдийн эрхийг тэрбээр тууштай хамгаалсаар ирсэн” гэж Берит Рейc-Андерсен хэлээд, тус сонины сэтгүүлч Анна Политковская амь үрэгдсэнээс хойш 15 жил өнгөрснийг дурсжээ. Анна Политковскаягаас гадна эл редакцын сэтгүүлч Виктор Попков, Юрий Щекочихин, Наталья Эстемирова, Анастасия Бабурова нар ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн. Тиймээс Д.Муратов ВВС-д ярилцлага өгөхдөө “Игорь Домников, Юрий Щекочихин, Анна Политковская, Стас Маркелов, Анастасия Бабурова, Наташа Эстемирова нар Нобелийн шагнал хүртлээ” гэж хэлжээ.
Дмитрий Муратов 1961 онд Куйбышев (одоогийн Самара) хотод мэндэлсэн. 1983 онд Куйбышевын Улсын их сургуулийн филологийн факультетийг төгссөн байна. Тэрбээр сэтгүүлчийн гараагаа “Волжский комсомолец” сонинд эхлүүлж, үргэлжлүүлэн “Комсомольская правда”-д ажиллажээ. 1993 онд Москва хотын Правды гудамжинд орших “Пресса” хэвлэлийн цогцолборын зургадугаар давхарт түүний үүсгэн байгуулсан “Зургадугаар давхар” сэтгүүлчдийн нөхөрлөл “Өдөр тутмын шинэ сонин”-ы редакцыг байгуулсан аж. Д.Муратов уг сонины редакцын зөвлөлд орж, ерөнхий редакторын орлогч болж, хожим нь уг хэвлэлийг “Новая газета” гэж өөрчилжээ. 1995 онд уг сонины ерөнхий редактор болсон байна.
“Муратовт баяр хүргэе. Тэрбээр өөрийн үзэл баримтлалын дагуу тууштай ажилладаг. Авьяаслаг, зоригтой нэгэн” гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ. Нобелийн шагналынхаа нэг хэсгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны эхээр байгуулсан, өвчтэй хүүхдүүдэд туслах “Круг добра” санд хандивлахаа Д.Муратов мэдэгдэв. Тус сан жилд таван сая рублиэс дээш орлоготой иргэдийн нэмэгдүүлсэн татвараас санхүүждэг.
Д.Муратов 2011 оноос ОХУ-ын Дотоод хэргийн яамны дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 2016 онд Төрийн думын сонгуульд улс төрийн “Яблоко” намын, 2018 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Григорий Явлинскийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллажээ. Саяхан болсон Төрийн думын сонгуулийн үеэр тэрбээр сониндоо цахим санал хураалтыг хамгаалж, Алексей Навальныйгийн талынхан дэмжиж байсан Коммунист намыг шүүмжлэн бичжээ. Энэ нь Муратовт уг шагналыг олгосныг цөөнгүй хүн таашаахгүй байхад хүргэсэн аж. Учир нь сөрөг хүчнийхэн цахим санал хураалтыг буруушааж, А.Навальныйг дэмжигчид тактикийн үүднээс коммунистуудыг дэмжихийг уриалж байсан юм.
“Новая газета” сонины эрэн сурвалжилсан сүүлийн дуулиант материалуудын нэг нь Чеченьд хүний эрхийг зөрчдөг тухай цуврал нийтлэл юм. 2017 онд тус улсад ижил хүйстнүүдийг өргөн хүрээтэй мөрдөн шалгадаг, эрүүдэн шүүдэг нууц шоронгууд байдаг тухай тус сонин мэдээлсэн. Чухам энэ улсын тухай бичсэн, тус сонины сэтгүүлч Анна Политковская 2006 оны аравдугаар сарын 7-нд орцонд амиа алдсан бөгөөд уг хэргийн захиалагчдыг өнөө болтол илрүүлээгүй байна. 2021 оны гуравдугаар сард “Новая газета”-д Чеченьд шүүх хурал хийхгүйгээр хүнийг цаазалдаг тухай нийтлэл гарчээ. Мөн өдөр тус редакц руу үл таних этгээд халдлага үйлдэж, орох хаалганы дэргэд үл мэдэх бодис цацсан хэрэг гарсан. Үүнээс өмнө 2017 онд тус редакц цагаан нунтагтай захидал хүлээн авсан. Дугтуйн дээр нь “Улаан өндөгний баярын мэнд” хэмээн бичиж, будсан өндөг зурсан аж. Үүнийг “Новая газета” сонины ерөнхий захиралд хаягласан байжээ.
“Муратов бүрэн эрх чөлөөтэй биш оронд олон арван жил үзэл бодол, мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол буулт тул энх тайван болно. Худал хуурмаг бол дайн юм. Тиймээс энхтайвны шагналыг авах ёстой хүн нь хүртлээ” гэж “Эхо Москвы” радиостанцын ерөнхий редактор Алексей Венедиктов Германы DW телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. “Нобелийн хороо шийдвэрээрээ Оросын сэтгүүлчдийг дэмжлээ. ОХУ-д хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажилтнуудыг мөрдөн шалгаж буй одоо цагт ийм дэмжлэг онцгой чухал юм” гэж хүчнийхний дарамт шахалтын улмаас Оросоос явсан, “Insider” цахим хэвлэлийг үүсгэн байгуулагч Роман Доброхотов өгүүлсэн байна.
“Дмитрий Муратов болон “Новая газета” жинхэнэ энхийг сахиулагч. Тэд зүгээр нэг мэдээлдэггүй, эрэн сурвалжилж, хүмүүсийг, тэр дундаа мөргөлдөөний нөхцөлд ч авардаг” гэж “Оросын ЛГБТ сүлжээ”-г үүсгэн байгуулагч Игорь Кочетков мэдэгджээ. “Муратовт Нобелийн энх тайвны шагнал олгосноор эрх баригчдын дарамт шахалтаас хэвлэлийг хамгаалах болно” гэж Венедиктов, Доброхотов нар үзэж байна.
Дмитрий Муратов нь энэ шагналын эзнээр тодорсон Оросын гурав дахь иргэн болж байна. Үүнээс өмнө хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаров, ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачев нар Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.
“БАРИМТГҮЙ БОЛ ЕРТӨНЦ ХУДАЛ ХУУРМАГ ГЭДГИЙГ НОБЕЛИЙН ХОРОО ОЙЛГОЖЭЭ”
Филиппиний “Rappler” хэвлэлийг үүсгэн байгуулагч бөгөөд Америкийн CNN телевизийн Манила дахь товчооны даргаар ажиллаж байсан сэтгүүлч Мария Ресса нэр хүндтэй шагналын эзэн болж буйгаа мэдсэнийхээ дараа “Баримтгүй бол ертөнц худал хуурмаг болохыг Нобелийн хороо ойлгожээ” хэмээн мэдэгдсэн ба
йна.Мария Анхелита Ресса 1963 оны аравдугаар сарын 2-нд Манилад мэндэлжээ. Ойтой байхад нь аав нь нас барсан тул ээж нь түүнийг эгчийнх нь хамт хамаатнууддаа үлдээгээд АНУ-ыг зорьсон аж. Мария 10 настайдаа ээж дээрээ очиж, 1982 онд дунд сургууль төгсөв. Эхлээд Принстоны их сургуульд молекул биологи судалж байгаад орхиж, англи хэлний ангийг 1986 онд онц дүнтэй төгсмөгцөө Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Тэр жилдээ Филиппинд очиж, Дилиман их сургуульд сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.
Сэтгүүлчийн ажлын гараагаа Засгийн газрын телевизийн мэдээний хэлтсээс эхэлжээ. 1987 онд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнасан продюсерын компанийг үүсгэн байгуулагчдын нэг болов. 1988-1995 онд АНУ-ын CNN телевизийн Манила дахь товчоог удирдаж, тус байгууллагын Ази дахь салбарын гол эрэн сурвалжлагч сэтгүүлч байлаа. 1995 оноос Индонезийн Жакарта дахь салбарыг давхар удирджээ. Тэр үед Индонезийн эмх замбараагүй байдал, Зүүн Тиморын хямрал, Филиппиний ардын хоёр дахь хувьсгал зэрэг тус бүс нутгийн томоохон хэрэг явдлыг сурвалжилсан байна.
2004 оноос Филиппиний ABS-CBN телевизийн мэдээний хэлтсийн даргаар ажиллахын сацуу CNN, “Wall street journal” сонинд давхар бичдэг байжээ. 2012 мэдээллийн цахим “Rappler” сайтаа үүсгэн байгуулагчдын нэг болж, өнөөг хүртэл удирдсаар буй. Энэ нь тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн сөрөг хүчний хэрэгсэлд тооцогддог бөгөөд олон мянган хүнийг цаазалсан, мансууруулах бодисын эсрэг зарласан түүний дайны тухай мэдээлсээр байна. 2018 онд өөр хэд хэдэн сэтгүүлчийн хамт Мария Ресса “Time” сэтгүүлийн “Оны хүн”-ээр шалгарчээ.
Тэрбээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн засаг захиргааны үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө удаа дараа халдлагад өртөж байв. АНУ-ын Тагнуулын төв газраас авсан мөнгөнийхөө татварыг төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгасан. 2019 онд Марияг Филиппиний бизнес эрхлэгч Вилфредо Кенгегийн тухай нийтлэл бичсэнийхээ дараа хүн гүтгэсэн хэргээр баривчилж байв. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд энэ хэргийг үүсгэсэн бөгөөд уг хуулийг эрх баригчид улс төрийн өрсөлдөгчид, нийгэмд үзэл бодлоо илэрхийлэгчидтэй тэмцэхэд ашигладаг гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг. 2020 оны зургадугаар сард Манилагийн шүүх сэтгүүлчийг буруутайд тооцжээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүнд зургаан сараас зургаан жилийн хорих ял, их хэмжээний торгууль ногдуулж магадгүй байв. 2021 оны наймдугаар сард шүүхээс түүнд холбогдох хэргийг хаажээ. Филиппин иргэн анх удаа Нобелийн шагнал хүртэж буй нь энэ юм.