Америк, Хятадын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энэ оны эцсээр цахим хэлбэрээр хийх зарчмын тохиролцоонд хоёр тал хүрсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Вашингтоны засаг захиргааны өндөр албан тушаалтны уламжилснаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, тус хорооны гадаад хэрэг хариуцсан комиссын нарийн бичгийн дарга Ян Зечи нар Швейцарт хэлэлцээ хийжээ. Тэд зургаа орчим цаг уулзаж, өргөн хүрээ хамарсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн уулзалт тус хоёр улс хоорондын өрсөлдөөнийг мөргөлдөөн болон тэлж болзошгүй байдлаас зайлсхийх дипломат идэвхтэй хүчин чармайлтын үндэс суурийг тавихад чухал алхам болсон аж.
Хоёр удирдагч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг АНУ, Хятад хамтран ажиллаж болох асуудлыг Америкийн төлөөлөгч хөндөж, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон, Хонконгод хүний эрхийг зөрчиж байгаад, Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн ажиллагаануудад сэтгэл түгшиж буйгаа уулзалтын үеэр илэрхийлжээ. Тайванийн эргэн тойрны байдлыг харилцан хүндэтгэлтэйгээр, мэргэжлийн түвшинд хэлэлцсэн гэнэ.
Швейцарт болсон уулзалтаар хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг нь хоёр улсын Төрийн тэргүүний нарын уулзалтыг хийх, эсэх асуудал байсныг хэлэлцээнд ойр эх сурвалжаасаа эш татан “South China morning post” сонин уламжилжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 18-19-нд Аляска муж улсад болсон дээд түвшний уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын талаас Ян Зечигээс гадна Гадаад хэргийн сайд Ван И нар оролцсон билээ. Энэ үеэр талууд ноцтой санал зөрсөн ч уулзалтын дараа тэд үр бүтээлтэй яриа хэлэлцээ болсныг мэдэгдсэн юм.