Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (MNG/18/01/RBS”-ийн дэмжлэгтэйгээр “Малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага”-ыг боловсрууллаа. Гарын авлагыг боловсруулахдаа мал аж ахуй эрхлэгч иргэн, малчин өрхийн өдөр тутмын үйл ажиллагаанд суурилсан судалгаа хийж, гарын авлагын төслийг Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд танилцуулан туршиж, тэдний гаргасан санал зөвлөмжийг тусгасан аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг журамд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй малчид өөрийгөө аюул, осол, халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох тусгайлсан сургалтын хөтөлбөр, сэдвийг тодорхойлж өгсөн. Албан бус секторт хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх ойлголт мэдлэг сул, ажлын байрны эрсдэл, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлийг төдийлөн тооцож, урьдчилан сэргийлж чаддаггүй зэрэг нөхцөл байдал түгээмэл байдаг. Иймээс малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх гарын авлага боловсруулан бэлтгэх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж, энэхүү гарын авлагад мал маллаж буй хүний ажил үүрэгтэй холбоотой учирч болзошгүй аюул осол, эрсдэлийг таньж илрүүлэх, халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг иргэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн агуулгыг тусгалаа. Энэхүү гарын авлагыг малчин иргэн, өрх бүр үйл ажиллагаандаа ашиглахын сацуу өөрийгөө болон бусдыг аюул осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой аж.