Казахстаны Засгийн газар Нурсултан Назарбаевыг тус улсын ерөнхийлөгч байхад түүний тухай ном бичүүлэхээр Британийн зохиолч, улс төрч Жонатан Айткенд 166,000 фунт стерлинг төлснийг "Пандорагийн баримт бичиг" -д дурдсан талаар Gardian сонин бичжээ.
Жонатан Айткен нь Их Британийн парламент, Засгийн газрын гишүүн байсан бөгөөд 1996 онд Парис дахь “Риц” зочид буудалд амьдрах төлбөрийг нь хэн төлсөн (Саудын Арабын хааны хүү төлсөн) тухай шүүхэд худлаа хэлснээр түүний улс төрийн карьер дууссан юм. Хэдий Айткен шүүхэд худал мэдүүлснийхээ төлөө шоронд хорих ял авсан ч өдгөө нөлөө бүхий нийгмийн зүтгэлтэн хэвээр байна. Том улс төрөөс гарсныхаа дараа тэрээр дэлхийн нэр хүндтэй хүмүүсийн намтар түүхийг судалж эхэлжээ.
"2010 оны 4 -р сард Жонатан Айткен Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг магтан дуулсан намтрын шинэ номынхоо танилцуулгыг Вашингтонд хийсэн юм. . . Номынхоо нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэрээр Казахстаны засгийн газарт ажиллаж байсан PR компани номыг нууцаар захиалж, мөнгө төлсөн гэдгийг дурдахаа мартсан билээ. "Пандорагийн баримт бичиг" -ээс үзвэл, Айткен эл бүтээлийнхээ төлөө 166 мянган фунт стерлинг авсан" гэж Gardian бичжээ.
Дээрх мөнгийг Панамд бүртгэлтэй ч Хонконгод үйл ажиллагаагаа явуулдаг WorldPR компани Хонконг, Британийн Виржиний арлуудаар дамжуулан Aйткены “Aitken Consultancy & Research Services Limited” компанид шилжүүлсэн гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид үзэж байна. “Пандорагийн бичиг баримт”-аас үзвэл тус компани Айткены Вашингтон орох замын зардал, “Хилтон” зочид буудалд байрлах зардлыг ч мөн төлжээ.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) дэлхийн улс орнуудын удирдагчид, нэр нөлөө бүхий улс төрчид, алдартнуудын оффшор дасны тухай "Пандорагийн баримт бичиг" -ийг олон нийтэд дэлгэсэн юм. Gardian сонин ICIJ-ийн уг төсөлд оролцдог аж.