БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Тайванийн эргэн тойрны байдлыг хэлэлцэж, урьд нь байгуулсан тохиролцоонуудаа баримтлахаар болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдлээ. Тэрбээр Мичиган муж улсдаа айлчилсны дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзсаныг хэвлэлийн төлөөлөгч нь уламжлав. Хоёр удирдагч өнгөрсөн сарын эхээр утсаар ярьжээ.
Хятадын ардын чөлөөлөх арми 2025 он гэхэд Тайвань руу бүрэн хэмжээгээр халдан довтлоход бэлэн болно гэж тус арлын Батлан хамгаалахын сайд Цю Гоэн парламентдаа үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Түүний дүгнэснээр Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа одоо сүүлийн 40 жилд байгаагүй хамгийн түгшүүртэй буй.
Тайванийн Мэдээллийн төвийн уламжилснаас үзвэл 2025 он гэхэд Хятадын ардын чөлөөлөх арми десантын, олон зориулалттай хөлөг онгоцны флоттой болно. Өдгөө “Хайнань” гэдэг тийм нэг хөлөг онгоц тус армийн Өмнөд флотын бүрэлдэхүүнд эргүүл хийж буй бол хоёр дахь нь удахгүй бэлэн болох гэнэ. Харин гурав дахийг нь үйлдвэрлэж байгаа аж. Хятадад болсон иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы цэргийн үлдэгдэл Тайвань руу зугтан гарсан 1949 оноос хойш тус арлыг өөрийн гэсэн засаг захиргаа удирддаг. Тэр цагаас хойш Тайвань эх газарт коммунистууд төрийн эрхэнд гарахаас өмнө байсан далбаа, зарим онцлог шинж тэмдгийг хадгалан үлджээ. Бээжин тус арлыг БНХАУ-ын нэг муж гэж үздэг.