Япон гаралтай, АНУ-ын эрдэмтэн Сюкүро Манабэ, Германы физикч Клаус Хассельман, Италийн судлаач Жоржио Паризи нар энэ оны Нобелийн физикийн салбарын шагналыг хүртэнэ. Нарийн төвөгтэй системийг судлахад оруулсан тэдний хувь нэмрийг Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо үнэлж, уг шагналыг олгохоор болжээ. Дэлхийн уур амьсгалын физик загварчлал, хувилбарын тоон дүн шинжилгээ, дэлхийн дулаарлын талаарх баттай таамаг дэвшүүлсний төлөө Америк, Германы эрдэмтдэд энэ нэр хүндтэй шагналыг олгох аж. Тэд шагналыг дагалдах мөнгөний талыг хувааж авна. Харин Италийн эрдэмтэн атомоос гараг хүртэлх физикийн систем дэх эмх замбараагүй байдал, хэлбэлзэл хэрхэн харилцан үйлчилдгийг нээснээ үнэлүүлж байна. Тэрбээр шагналын мөнгөний талыг авах аж.