ОХУ-ын уран бүтээлчид сансарт нислээТүүхэнд анх удаа Олон улсын сансрын станц (ОУСС)-д уран сайхны киноны зураг авах баг бүхий “Союз МС-19” хөлгийг тойрог замд гаргах “Союз- 2.1а” зөөгч пуужинг Байконур сансрын буудлаас хөөргөлөө. Кино багийн бүрэлдэхүүнд жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко, сансрын нисэгч Антон Шкаплеров нар багтжээ. Шипенко, Пересильд нар тус станцад 12 хоноод эх дэлхийдээ буцаж ирнэ. Тэд “Вызов” киноныхоо зарим зургийг сансрын станцын ОХУ-ын хэсэгт авах гэнэ. Зохиолын дагуу киноны гол дүр болох зүрхний мэс засалч (Юлия Пересильд) сансрын нисэгчдийн нэгэнд нь жингүйдлийн нөхцөлд зүрхний мэс засал хийхээр ОУСС-д яаралтай очих ёстой. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Союз-2.1а” зөөгч пуужинг хөөргөж буйг болон кино багийн гишүүд суусан “Союз МС-19” жолоодлогот хөлгийг ОУСС-тай залгаж байгааг шууд дамжуулан үзүүлэх гэнэ