Францаас Ла-Маншийн хоолойг хууль бусаар гаталсан дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател эрх баригч Консерватив намын их хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. Тэдний суусан завийг буцаах шинэ тактикаа Лондон үргэлжлүүлэн хэрэглэхийг тэрбээр тэмдэглэсэн байна.
Хууль бус цагаач, дүрвэгчидтэй тэмцэх талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар арга хэмжээ авахаа Британи болон Франц удаа дараа мэдэгдсэн ч уг асуудлыг өнөө болтол шийдэж чадаагүй. 2021 он гарснаас хойш одоогийн байдлаар Британид ирсэн хууль бус цагаачдын тоо 17 мянгад хүрчээ. Энэ нь 8400 хүн ирсэн өнгөрсөн оныхоос хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Оны эцэст тэдний тоо 22 мянгад хүрч болзошгүйг шинжээчид анхааруулсан байна.
Францын хилийн хүчин болон эргийн хамгаалалтынхан идэвхтэй арга хэмжээ авахгүй бол Парист амласан олон сая долларын тусламжаасаа Лондон татгалзахыг урьд нь Прити Пател анхааруулж байсан билээ. Эргийн харуулуудынхаа тоог хоёр дахин ихэсгэсний төлөө Францад 54 сая фунт стерлинг (75 сая доллар) өгөхөөр Британи долдугаар сарын 21-нд амласан аж. Үүнээс хойш Британийн хэвлэлүүдийн тооцоолсноор тус улсын хилчид хууль бус 3500 цагаачийг саатуулжээ.
Үүний сацуу хууль бус цагаачлалд холбоотой этгээдүүдэд оноох шийтгэлээ Британийн Засгийн газар чангатгаж, тус улсад нэвтрэх эрхийг дөрөв хүртэл жилээр хасах гэнэ. Мөн хүмүүсийг нууцаар хил давуулсан этгээдэд одоо 14 жил хорих ял оноодгийг насаар нь шоронд суулгах болгон өөрчилж буй аж. Нөгөөтээгүүр, тус улсад замын хөдөлгөөн хааж, түгжрэл үүсгэсэн хүмүүст оноох шийтгэлийг чангатгах болов. Хорт хий ялгаруулахыг эсэргүүцэн, дөрвөн долоо хоног дараалан “Британийг дулаахан болго” хөдөлгөөний гишүүд нийслэл Лондон хот орчмын гол замуудын хөдөлгөөнийг хааж буйтай холбогдуулан тийм шийдвэр гарсан гэнэ. Тэдэнтэй тэмцэх бүрэн эрхийг цагдаагийнхан болон шүүгчдэд өгчээ. “Цуглаж, жагсах нь манай намын хэзээд хамгаалдаг үндсэн эрх. Гэхдээ уг үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах ёстой” гэж Прити Пател хэлсэн байна.
Тус хөдөлгөөний гишүүд Британийн орон сууцын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх талаар өргөн хүрээтэй хөтөлбөрийг санхүүжүүлэхийг уриалжээ. Европдоо хамгийн хуучин бөгөөд хүйтэн Британийн орон сууцад оршин суугчид гэрээ дулаацуулахад асар их хэмжээний эрчим хүч зарцуулах хэрэгтэй болдог нь хорт хий ялгаруулахад хүргэж буй гэнэ.