Тайванийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс рүү дөрөв хоногт Хятадын цэргийн 149 нисэх онгоц нэвтэрсэн тухай NHK телевиз мэдээллээ. Тайванийн нутаг дэвсгэрийн зүүн өмнөд усан дээгүүрх уг бүс рүү даваа гарагт гэхэд Хятадын 56 сөнөөгч, бөмбөгдөгч онгоц болон бусад нисэх хэрэгсэл нэвтэрснийг батлан хамгаалах байгууллага нь уламжилсан байна. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сараас тус байгууллагаас ийм мэдээлэл нийтэлдэг болсноос хойш нэг хоногт уг бүсэд бүртгэгдсэн Хятадын нисэх хүчний хамгийн олон хэрэгсэл аж.
Улс тунхагласны баяраа БНХАУ тэмдэглэж эхэлсэн энэ сарын 1-нээс хойш ийм хэрэг явдлын тоо эрс нэмэгдэж, эхний дөрөв хоногт 149 нисэх хэрэгсэл Тайванийн радарт бүртгэгджээ. Эхний хоёр өдөр болон даваа гарагт тус бүс нутаг руу өдөр төдийгүй шөнийн цагаар БНХАУ-ын Зэвсэгт хүчний сөнөөгч нисэх онгоцнууд хамгийн олноор нэвтэрсэн байна.
Эл хариуцлагагүй өдөөн хатгалгаа нэн даруй зогсоохыг эх газрын Хятадын хэрэг эрхэлсэн Тайванийн зөвлөл Бээжингээс шаардаж, мэдэгдэл хийжээ. Эдгээр үйлдэл нь Тайванийн булангийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, тус бүс нутгийг улам түгшүүртэй болгохыг тус зөвлөлийн мэдэгдэлд дурдсан аж.